Манай “Хөрөг” нэвтрүүлгийн баярын дугаарт залуу уран бүтээлч АМ-С буюу Г.Энх-амар оролцлоо. Хайрын, уянгын дуу хийхийн хажуугаар хип хоп дууг ч амилуулж дуулдаг түүнтэй бид уран бүтээлийнх нь талаар болоод хувь хүн талаас нь ярилцаж үзэл бодлыг нь сонслоо.
-Таныг нас насны хүмүүс унших байх. Өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Г.Энх-Амар гэдэг. Уран бүтээлээ гаргадаг нэр маань АМ-С. “Making the band” шоу нэвтрүүлэгт нэг хамтлагийн гишүүн болж орж байсан. Сургуульдаа сурахаар болж, хамтлагаасаа гараад СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн.
-Яагаад мэргэжлээрээ ажиллахгүй байна вэ?
-Жүжигчин болохын тулд дотроо нэг зүйл суух ёстой юм шиг санагдаад байдаг. Энгийнээр хэлбэл амьдрал үзэх гэх юм уу даа. Тэгэхээр магадгүй 30 наснаас эхлүүлбэл амжилттай явах байх гэж боддог.
-Таны хувьд хэзээнээс дуулах болсон бэ?
-2015 оноос хойш гоё дуу хийе гээд илүү мэргэжлийн түвшинд өөрийгөө бэлтгээд ажиллаж эхэлсэн. Одоогоор гурван цомогтой. Гурав дахь нь хоёр сард гарах гэж байгаа. Цомгийн тухайд эхнийх нь “Jene Sequa” гээд нэртэй. Үгээр хэлэмгүй гэсэн утгатай үг л дээ. Хоёр дахь нь “Gund". Гурав дахь нь “Perfect blue” гээд нэртэй. Юм хийгээд байх тусам улам гоё даруухан болж, ухаан суугаад, ойлгож, ажлаа сайн хийдэг болж байна.
-Аливаа зүйлийг эхлүүлээд явахад тэр бүр шулуун дардан замаар явдаггүй шүү дээ. Таны хувьд хүн хэцүү гэх юм уу шантрах үе байв уу?
-Анхны цомгоо гаргаж байхад, гэртээ амьдрах боломжгүй болсон үе. Манай ах Дэнжийн мянгад нэг барилгатай байсан юм. Тэнд очиж сар гаруй амьдарч байсан. Тухайн үед их л зовоод байх шиг байгаа юм. Мөрөөдөлдөө тууштай зан чанар надад байсан юм шиг. Жижигхэн бацаан таксинд яваад л. Тэгснээ Дэнжийн мянгад очсоноо мөнгөгүй байгаад л. Хоолоо өөрөө авч идчих гээд хичээгээд байгаа юм шүү дээ. Энэ мэтчилэн зүйл байсан ч шантарч байгаагүй гэж хэлж болно.
-Дууны төрөл жанрт баригдахгүй байгаа нь таны давуу тал гэж хардаг. Та санал нэгдэх үү?
-Надаас гарч байгаа уран бүтээл бүгд надтай холбоотой. Намайг илэрхийлж байгаа юм. Өөрийнхөө мэдрээгүй зүйлийг хийж чадахгүй шүү дээ. Үргэлж уянгын эсвэл хип хоп урсгалаар хийдэг хүмүүс байдаг. Би бол тийм биш. Хип хоп дуу хийх нь надад дажгүй санагддаг. Үүнийг хийх гээд л өөртэйгөө зөрчилдөөд, дотоод өлөгчингөө гаргаж ирэх гээд зовоод байдаг зүйлгүй.
Нөгөөтээгүүр би яг дуртай ажлаа хийж байгаа. Үүнийгээ ухамсарлаж, мэдэрдэг. Тэр бол миний урам зориг. Би өөртөө нэг л лаг юм шиг санагдаад байдаг байсан. Саяхан биш, гурван жилийн өмнө байх аа. Яагаад ч юм лаг санагдаад байдаг байж билээ. Одоо бодоход ичмээр д байдаг юм.
-Урлаг таныг өөрөөр яаж хүмүүжүүлж байна. Сая улам даруухан болоод байгаа гэлээ шүү дээ.
Урлагийн надад үзүүлж буй нөлөө нь тайван төлөвлөгөөтэй хүн болж байгаа. Хүмүүсийг илүү хайрлаж харьцаж болдог юм байна гэдгийг ойлгосон. Урд нь нэг л болж өгдөггүй байсан юм. Миний хувьд хайрлана гэдэг хичээх явдал. Үйлдлээрээ хичээх. Яаж хайрлуулах вэ гэхээр хүнийг хайрлаж байж л хайрлуулна. Хайрлаад сурчих юм бол хүссэн хүсээгүй надаас аура цацарна. Хүмүүс тэр ауранд минь нэвчинэ. Урлаг спорт хүнийг сайн хүмүүжүүлдэг юм шиг байгаа юм. Гэхдээ хувь хүнээсээ шалтгаалах байх л даа.
Хүмүүс намайг сайн мэддэггүй юм шиг билээ. Би өөрөө продюссер хийгээд явдаг. Хөгжмөө хийнэ, үгээ бичнэ, хоолойгоо ч өөрөө хийнэ. Тэгээд сурчихсан. Хүмүүс үзэж байвал намайг мэдээд аваарай гэж хэлмээр байна. /инээв/
-Та сонсогч үзэгчдийнхээ хандлагыг анзаардаг байх. Шүүмжлэх нь их байна уу, магтах нь их байна уу?
– Дуугаа хийж эхлэхдээ шууд од болъё гэж эхлээгүйг хэлмээр санагддаг. Дууны ч гэхгүй урлагийн салбарынхныг их зантай болчихдог гээд яриад байдаг шүү дээ. Бид бусдаас илүү биш. Дуу хийж байна гээд зарим хүмүүс клипэн дээрх шигээ байх гээд хичээдэг юм шиг санагдаад байдаг юм.
Анх хийж эхэлж байхад шүүмж давамгайлдаг байсан. Одоо бол магтаал нь их болсон. Аймар сэтгэгдлүүд уншаад сэтгэл санаагаар унадаг байлаа. Одоо бол хэн ч юу ч гэсэн тоохооргүй болчихсон. Урлагийн юм хийгээд байхаар уран бүтээлч хүний сэтгэл зүйн эрүүл мэнд сайн болдог. Монголд ялангуяа сэтгэл зүйч байдаггүй шүү дээ. Монголчууд өөрөө өөртэйгөө тэмцсээр байгаад хүчирхэг болчихдог. Би бол үргэлж 100 грамм татчихсан юм шиг зоригтой сэтгэл зүйтэй байх жишээний.
-Таны санаанаас гардаггүй доромж үйлдэл, үг нь юу байсан бэ?
-“Terral” гээд дуу хийж байсан юм. Клипийг нь гей сэдэвтэй хийе гээд хийсэн. Түүнийг гаргасны дараа хүмүүс, "өө энэ гей юм байна, гомо юм байна" гээд л хараалтай. Ер нь намайг зүгээр байхад яагаад ингээд байгаа юм гээд миний шар хөдлөөд байдаг байлаа. Улам уур хүрээд л, бичсэн хүнтэй нь нүүр тулмаар санагддаг. Одоо ч тэгээд хамаагүй болчихлоо доо.
-Ааваасаа үлгэр дуурайлал авдаг гэсэн шүү дээ. Энэ талаараа тодруулаач?
-Аав маань өөд болсон. Мэргэжил нь уран зураач, барималчин байсан. Ганбат гэдэг. Миний нүдэнд хүний анатоми зурж байгаа нь л харагдаад байдаг юм. Яс, булчин, судас гээд бүх юмыг нь зураад л. Тэр нь бодогдоод байдаг. Тэрийг нь хараад үлгэрлэсэн юм гэвэл, амар тайван амьдрах ёстой, гэхдээ хийж буй зүйлээ сайн хийх ёстой юм байна гэдгийг юм ярихгүйгээр суулгасан. Иймдээ ч би онгирч биш, чимээгүй хөдөлмөрлөн гарч ирээд, тустай амьдрахыг чухалчилдаг. Түүнийгээ ч биелүүлээд явж байгаа. Миний гарч ирсэн зарчим гэвэл хийх зүйлээ хийгээд л, хөдөлмөрлөж, төлөв даруу гарч ирсэн.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Одоо төгс хүнийг л бүтээмээр байна. /инээв/ Тоглосон юм аа. Маш энгийн шүү дээ зорьсон ажлаа бүгдийг нь бүтээсэн. Эрүүл мэндийн хувьд сайн. Дээрээс нь гоё байшинтай хүн баймаар байна. Нэг их гоё далайн эргийн хажууд.
-Ингэхэд таныг эмэгтэйчүүд их сонирхдог байх. Тиймээс эмэгтэй хүний үнэ цэнийн тухай ярихгүй юу? Ямар эмэгтэйг үнэ цэнтэй гэж боддог вэ?
-Нууцлаг байх нь чухал. Дуугаар илэрхийлбэл хөгжим бол эмэгтэй хүний гадаад байдал. Дууны үг бол дотоод сэтгэл нь. Аль аль нь нууцлаг байвал үнэ цэнтэй гэж боддог. Хувцаслалтаас л анзаарагддаг. Эмэгтэйчүүд ичихээ мэдэхээ байж гэж боддог.
-Цагаан сарын тухайд? Залуу хүний хувьд ямар бодолтой байдаг вэ? манай уншигчдад мэндчилгээ дэвшүүлээч?
–Дотоод ухамсарт маань мэдээж өв соёл чухал. Аав, ээж, эмээ, өвөө, тэмдэглээд байдаг улсын өв соёлыг яасан ч үгүй хийж болохгүй. Би бол үргэлжлүүлнэ. Цагаан сарын шинийн нэгний өглөө хийморь сэргэх гээд байх шиг санагдаад байдаг юм. Яагаад ч юм энерги гоё болох гээд байх шиг.
Өв соёлоо дээдэлж
Өвөг дээдсээ хүндлэн жаргаж
Эрүүл энх, мөнх тунх сайхан үргэлжлээрэй гэж ерөөе өө.
-Баярлалаа.