XVII-р жарны буян үйлдэгч хэмээх усан бар жилд улс орон амар амгалан, жаргалантай, ард иргэдийн зөв ажил үйлс бүтэмжтэй, үр ач нь дэлгэрсэн машид сайхан жил болно хэмээн энэ жилийн шороон үхрийн зурлагад дүрслэгдсэн байна. Ирж буй жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатартай ярилцлаа.
-Ирж буй “Буян үйлдэгч” хэмээх бар жилийн өнгө ямар байна вэ?
Энэ жилийн шороон үхрийн үндсэн зурлага төлөв нь шороон үхрийн зурлага, үхэр хариулагчийн зурлага гэсэн үндсэн хоёр зурлагыг зурдаг. Тэгэхээр ажвал үхрийн толгой, шийр, ногт, бурантаг нь хөх өнгөтэй. Бие ногоон өнгөтэй. Ходоод цагаан, эвэр, чих сүүл нь шар, омруу туурай нь улаан, үхэр нь амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан. Үхэр хариулагч нь шар дээлтэй ногоон бүс бүсэлсэн, малгайн баруун чихийг буулгаж зүүнээ сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, унгасаар томсон, шар иштэй шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу үхрийнхээ баруун талд хөл нүцгэн тайван алхаж байгаагаар буусан байна. Зурлагаас шинжихэд тайван, хөл нүцгэн явж байна гэхээр нэлээн амгалан талдаа байна.
Энэ жил идэр залуус буюу дунд суудалтанд буюу төрийн алба хашиж байгаа дунд шатны хүмүүст илүү тааламжтай сайхан жил гарч байна. Мөн тэр албан тушаалд зөв хүнээ тохох, тэгснээрээ улс нийгмийн хөгжилд нэлээд хувь нэмэр оруулах нь гэж ойлгож болно. Ард иргэдийн хувьд амьдрал ахуй дунд зэрэг. Урд жилүүдийг бодвол хүмүүийн амьжиргааны түвшин дээшлэн, сэтгэл санаа тайвширна. Төрийн томоохон хэмжээний улс төрийн албан тушаал эрхэлж байгаа хүмүүсийн хувьд нэлээн халгаатай жил гарч болзошгүй. Цаг уурын хувьд оны эхэнд гандуу, салхи шуургатай. Жилийн дундаас хойш хур тунадас орох, ургац хүнс, нарийн ногоо, үр тарианы ургац арвин байна. Мөн өндөр уулын бүс, зарим газар галын аюул гарч болзошгүй. Хий өвчин хөдлөх гэж яриад байгаа. Тиймэрхүү тал байгаа. Тийм учраас ард иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаараарай. Ерөнхийдөө төрийн үйл ажиллагаа хэвийн сайхан явагдах, ард иргэдийн амьдрал ахуй дэвжин дээшлэх гэж ойлгож болно.
“ШИНИЙН 15-НЫ ДОТОР ЗАСЛАА ХИЙЛГЭХ ЁСТОЙ ГЭДЭГ НЬ ТУЙЛШРАЛ”
-Жил нь орж буй хүмүүс болоод мэнгэ голлосон хүмүүст анхаарах зүйл бий юу. Засал номоо уншуулахгүй бол яах вэ?
Аливаа хүмүүс жилийнхээ засал номыг хийлгэх нь зүйтэй. Энэ бол мэргэ төлгөөс өөр ухагдахуун. Шинжлэх ухаан талдаа илүү дөт. Жил орно гэдэг нь бар жилтэй хүмүүсийн жил огторгуйд ургаж гарахыг жил орсон гэж ярьдаг. Бар жилтнүүдийн онцгойлон анхаарахын тухайд нэгдүгээрт бар жилтэй хүмүүсийг хйиморь лундаа тал нэлээн дорой жил гарч байгаа. Хийморь дорой гэдэг нь аливаа ажил үйлс саад гараад байж болзошгүй. Хийморийн дарцаг, ногоон дарь эхийн дарцаг гэх мэт дарцгийг илүүтэй сайн хийсгээд түүнээс гадна жил орсныхоо заслыг хийлгэнэ. Амь нас баттай бус. Тэр нь юу гэхээр янз бүрийн гэнэтийн өөрөөс үл хамаарах барцад саад учирч болзошгүй. Тэр үүднээс бар жилтэй хүмүүс жил орсны засал гэж хийлгэнэ.
Мэнгэ голлох гэж ойлголт байдаг. Энэ жил таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд мэнгэ нь голлосон жил гарч байна. Мэнгэний заслыг юунд хийдэг вэ гэхээр эрүүл мэнд, өвчингүй байхын тухайд хийдэг. Суудлын өнцгийн засалт гэсэн ойлголт бий. Осол, хэл ам, атаа жөтөөнөөс хамгаалах, үйлс бүтээхийн тухайд үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтэй хүмүүс суудлын өнцгийн засал хийлгэнэ.
-Шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэх ёстой гэдэг. Энэ үнэн үү?
Шинийн 15-ны дотор заслаа хийлгэх ёстой гэдэг нь туйлшрал. Хүрээ хийдийн газар ном уншуулна гэдэг нь бурхдад тухайн айл өрхийн, тухайн хүний, тухайн төрөл төрөгсдийн өөрсдийнхөө заяа буяныг тэгшитгэж, даатгаж бурханд ном уншуулж байна гэсэн үг. 15-ны дотор амжвал заслаа хийлгээд, амжихгүй бол 15-аас хойш заслаа хийлгэж болно. Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Бар жилд үхэр, туулай, могой, хонь тахиа гахай жилтэй хүмүүс ажил үйлс сайжрах, аваар осолгүй байх тухайд суудлын засал хийлгэх хэрэгтэй. Хулгана, луу бич бар морь нохой жилтэй хүмүүсийн хувьд хийморь лундаа дорой байж болзошгүй. Тиймээс жилийн эхэнд хийморийн дарцаг, дарь эхийн дарцаг сайн хийсгэх хэрэгтэй. Хийморь доройгоос ажил үйлс, эрүүл мэндэд саад гарч магадгүй.
-Зүг мөр гаргах тухайд гэр бүлийн бүх гишүүд зүг мөр гаргах ёстой юу?
Зүг мөр гаргахын тухайд тухайн жилийнхээ суусан суудлынхаа цог хийморийн зүгт гарч замдаа цээрээ арилгаад буян хишгийнхээ зүгээс гэртээ ирнэ. Тухайн жилдээ цээрээ арилгаад буян хишгийнхээ зүгээс хийморь лундаатай, олз зомогтой, сайн сайхан ирж байна гээд. Нийгмийн харилцаанд орж байгаа бол гэр бүлийн гишүүд мөрөө заавал гаргах ёстой.
-Цагаан сараар ямар ёс, цээр байдаг вэ?
Цагаан сарын ёс цээр гэдэг нь зөв амьдрахыг л хэлээд байгаа юм. Аливаа хүнд гай болохгүй, өөрийнхөөрөө амьдарч байвал тэр чинь буян шүү дээ. Тухайн энэ хоногуудад архийг хэтрүүлэн хэрэглэхгүй, хулгай, худал хэлэхгүй, зодоон хийхгүй, хэн хэнийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлэхгүй цээрлэх. Энэ нь тухайн жилээ даадаг гэж үздэг.
Буян үйлдэгч хэмээх усан бар жилдээ Монголд төдийгүй дэлхийд гарсан энэ өвчин хурдан түргэн илааршиж алга болж, хүмүүс бие биедээ итгэх итгэл нь нягтаршиж, хүмүүс эрүүл энх байж, бүх хүни бодсон санасан зөв ажил үйлс нь ном ёсоор бүтэмжтэй байж, амьдрал ахуй нь дэвжин дээшилж, монгол орон маань дэлхийн дайтай сайхан улс болоорой гэж ерөөх байна даа.
Монгол түмний уламжлалт их баяр болох цагаан сараа монгол түмэн маань элгээрээ энх төвшин, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай гэж ерөөе.
-Ярилцсанд баярлалаа