УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар “ Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулна. Өнөөдөр төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг зорьж байна. Бид тэтгэврийн нэмэгдлийн асуудлыг хэлэлцэж буй.
Тэтгэвэр сар бүрийн эхний өдөр иргэдийн дансанд ордог. Тиймээс өнөөдөр төсвийн тодотголоо баталж, тэтгэвэр авагчдын нөхцөл байдлыг тодорхой болгоно.
Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй олгохыг зорьж байна” гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Тэтгэврийн нэмэгдлийг талархан дэмжиж байгаа. Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Инфляцийн түвшин 13.4 хувьд хүрсэн байна. Иймээс үнийн өсөлтийн хохирогчид нь бага орлоготой иргэд, ахмад настууд байдаг. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар ахмад настны тэтгэврийг үе шаттайгаар нэмэх асуудал хуулиар батлагдсан.
Инфляцид нийцүүлэн тэтгэвэр нэмэх нийгмийн захиалга байгаа юм. Хамгийн доод хэмжээ нь 800 мянган төгрөг болгох асуудлыг оруулж байна.