Зүүн Европын Украин, ОХУ-ын байдал хурцадмал болсон энэ үед Япон улс Украинаас элчин сайдын яамныхаа зарим ажилтнуудыг эргүүлэн татахаар төлөвлөжээ. Уг асуудлаар Японы Гадаад хэргийн яамны өндөр албан тушаалтан мэдэгдлээ.
Украин улс дахь Японы Элчин сайдын яам 20 орчим ажилтантай бөгөөд тус улсад амьдарч буй Япон иргэдэд туслахад шаардлагатай хүмүүсийг л үлдээж, бусад ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэлтийн эхний ээлжээр Элчин сайдын яамны ажилтнуудын ар гэрийнхэн Украин улсаас гарсан гэнэ.
Оросууд Украин руу довтлох вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа нь хурцадмал байдлыг намжаахын тулд АНУ-ын дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд хүргэж буй. АНУ, Их Британи зэрэг улсууд Украин дахь Элчин сайдын яамныхаа ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр аль хэдийн гаргасан.
Японы Гадаад хэргийн яам Украинд ямар нэгэн зорилгоор зорчихгүй байхыг иргэддээ анхааруулжээ. Мөн Украин улсад оршин суудаг 250 орчим япон иргэнийг тус улсыг орхин явахыг уриалж байна.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида парламентад хэлэхдээ, Япон улс Украины хилийн ойролцоох Орос цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа болон холбогдох үйл явцад "санаа зовниж" байгаа бөгөөд аж үйлдвэржсэн долоон бүлгийн хүрээнд асуудлыг зохих ёсоор шийдвэрлэх болно гэж мэдэгджээ.