Өвлийн олимптой холбоотойгоор ойрын өдрүүдэд Бээжин хотод Ковид-19-ийн халдварын тоо нэмэгдэж эхэлснийг Наадамыг зохион байгуулагчид анхааруулжээ.
Олимпийн наадамд оролцож буй тамирчид болон багийн удирдлагуудын дунд Ковид-19-ийн тохиолдол огцом нэмэгдэж буй аж.
Ковид-19-ийн халдварын тоо өнгөрсөн баасан гарагт хоёр өдрийн өмнөх тооноос 19-өөр нэмэгдсэн бөгөөд ойрын өдрүүдэд илүү олон тохиолдол бүртгэгдэх магадлалтай байгаа юм.
Олимпийн наадмын үйл ажиллагаатай холбоотой 36 ажилтан, түүний дотор тамирчид, албаны хүмүүс халдвар авсан нь тогтоогдсон. Тэдний 29 нь Бээжингийн нисэх онгоцны буудалд ирэх үед, долоо нь арга хэмжээний ажилтнуудыг олон нийтээс тусгаарладаг "хаалттай" хотхонд байхдаа халдвартай гэдэг нь тодорхойлогджээ.
Олимпийн наадмын үеэр ажиллах эмнэлгийн дарга Брайан МакКлоски хэвлэлийн бага хурал дээр "Бид одоо Хятадад ирэх хүмүүсийн оргил үеийг туулж байгаа тул энэ үе шатанд халдварын тоо эрс өсөх магадлалтай” гэж мэдэгдсэн юм. Гэхдээ Зохион байгуулагчид Ковид-19-ээс урьдчилан сэргийлэх системдээ итгэлтэй байгаа бөгөөд халдвар олон нийтэд тархах магадлал багатай гэж үзэж байгаагаа онцложээ.
Тамирчид болон багийн албан тушаалтнуудын тохиолдлын тоо "бусад оролцогчид", тэр дундаа хэвлэл мэдээлэл, ивээн тэтгэгчид, ажилтнуудынхаас давсан нь Хятад улс нэгдүгээр сарын 23-нд Олимптой холбоотойгоор цар тахлын халдвар авсан хүмүүсийн тоог өдөр бүр зарлаж эхэлснээс хойш хамгийн өдөр тоонд тооцогдож байна.
"Өглөө бүр PCR шинжилгээ өгөхийн тулд бага зэрэг эрт босох шаардлагатай байдаг нь ядаргаатай юм. Энэ үйл явц хэдхэн хоногийн дараа шүдээ угаахтай ижил энгийн зүйл болох биз. Шинжилгээний хариу гэнэт эерэг гарах вий гэж хүн бүр санаа зовж байгаа ч бодит байдал дээр бид Ковидтой амьдарч байна. Бид бүх эрсдэл, айдсыг хүлээн зөвшөөрсөн" гэж Оросын хоккейчин Антон Слепышев РИА агентлагт ярьжээ.
Сануулахад, Өвлийн олимпийн наадам БНХАУ-ын Бээжин хотод хоёрдугаар сарын 04-нөөс мөн сарын 20-ны хооронд үргэлжилнэ.