Сар шинэ болоход хэдхэн хоног үлджээ. XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сар, Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан маргааш /2022.01.31/ 12.00 цагаас нэг хоёрын даваа, хоёрдугаар сарын 1-ний өдөр 14.00 цагаас гурваас наймын даваа үргэлжилнэ. Барилдах бөхчүүдийг өнөөдөр 10.00-17.00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Үүнтэй зэрэгцээд цагаан сарын бөхийн барилдаан хэрүүл маргаан, талцал, шуугиангүй болж чадах уу гэсэн асуулт олон нийтийн дунд байна. Учир нь, энэ сарын эхээр харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан бөхчүүдийн үл ойлголцол, хэрүүл, талцлаас бол цуцлагдсан. Тиймээс сар шинийн барилдааныг бөхчүүд "бойкотлох" вий гэсэн болгоомжлол үзэгчдийн дунд байна. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МҮБХ-ныхныг хүлээн авч уулзаж, сар шинийн барилдааныг хэрүүл талцалгүй явуулахыг сануулсан.
Тэрбээр "Ер нь сүүлийн жилүүдэд манай бөхчүүдийн талаар янз янзын буруу, зөрүү асуудлууд гарч байна. Тиймээс энэ асуудлаа шийд, ард түмний өмнө хэрэлддэг талцдаг ёс бус үйлдэл гаргадгаа болих хэрэгтэй. Энэ чинь эргээд монгол бөхийн нэр хүндийг унагаж байна шүү дээ. Хэрвээ ард түмнээ хүндлэхгүй, төрт ёсоо дээдлэхгүй, үзэгч олон түмнээ хүндлэхгүй ааш авир гаргаж байгаа бол өгсөн цолоо Монголын төр буцааж авч болно шүү дээ.
Та бүхэн маань өөрсдөө удирдлагад нь ажиллаж байгаа хүмүүс, бөхчүүдтэйгээ уулзаж, энэ асуудлаа ярьж байгаа байх гэж бодож байна. Дахиад хуралдаж, ярилцах хэрэгтэй. Ойлголцох хэрэгтэй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэж нэг үг бий шүү дээ. Ярилцаж хөөрөлдөж, асуудлаа ойлголцож, нэг тийшээ гарах ёстой. Дээр нь ард түмнээ хүндлэх ёстой. Та бүхний авсан цол чинь ард түмний цол, төрөөс өгч байгаа цол. Төр гэдэг чинь ард түмэн. Тийм учраас энэ ард түмний хүндэтгэл, хайрыг хүлээж ажиллах хэрэгтэй" гэж онцолсон.
Дашрамд дурдахад, цар тахлаас шалтгаалж сүүлийн хоёр жилийн сар шинийн бөхийн барилдааныг УОК-ын шийдвэрээр цуцалсан. Харин энэ жил бөхийн барилдааныг өндөр хэмжээнд зохион байгуулахаа Шадар сайд С.Амарсайхан мэдэгдээд байгаа билээ.