Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал өчигдөр /2022.01.29/ болж, Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томилсон. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе.
–Мэдээж үе үеийн Хотын дарга нар хотоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг байсан. Иргэдээ соёлтой болгох, аюулгүй орчин бүрдүүлэх, зөв төлөвлөлт хийхэд бодлогоо чиглүүлж байна.
–Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэхчлэн олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээ хийж байна. Хотод хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр асар их хэрэгтэй байна.
–Дулаан хангамжийн шугам сүлжээний 86 хувь нь хуучирч муудсан. Мөн түгжрэл, цахилгаан хангамж, орон сууцны хангамж, ногоон байгууламж, иргэний аюулгүй байдлыг хангах асуудлууд шийдэл хүлээж байна. Энэ бүхнийг шийдэхэд эрх зүйд суурилсан хөрөнгө, санхүү хэрэгтэй.
–Түүнчлэн 100 жилийн түүхтэй МАН хоёр хуваагдсан гашуун туршлага бий. МАН бол зовж, хэлмэгдэж үзсэн, алдаж үзсэн улс төрийн байгууллага. Залуу үеийн төлөөллийн хурд, мэдрэмжтэй шийдвэрийн хүчээр хоёр тусдаа явсан улс төрийн хүчин нэгдсэн нь түүхэн үйл явдал боллоо.
–Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, сайн үйлсийн аянд нэгдсэн, нийгмийн дуу хоолой болж чаддаг, бусад төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй байж, тэднийг сонсдог нам байхын төлөө эрчимтэй бодлого гаргана. Энэ бол нийгэмд дутагдаж байна.
–Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулсан. Уг Түр хорооны дэмжлэгтэйгээр 2021 оны долдугаар сарын 5-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын санхүү, хөрөнгө мөнгөний чадамж нэмэгдэж, бие даасан эдийн засгийн суурьтай болох алхмуудыг хийж эхэллээ.