Гэрэл зурагчин Жонатан Донован өрх толгойлсон эцэг эхчүүдийн хүч чадалд анхаарлаа хандуулж, тэдний тэсвэр хатуужил, хайр дурлалыг тэмдэглэсэн цуврал хөрөг зураг бүтээжээ. Энэхүү төсөл нь өрх толгойлсон гэр бүлтэй хамтран ажилладаг үндэсний тэргүүлэгч буяны байгууллага болох Gingerbread-ийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Түүний бүтээлийн үзэсгэлэн 1-р сарын сүүлээс Лондонгийн Кингс Кроссод нээгдэж, дөрөвдүгээр сарын эхэн хүртэл үргэлжилнэ.
Gingerbread байгууллага нь 1918 оноос хойш өрх толгойлсон эцэг эхчүүдийн гэр бүлийнхээ хэрэгцээг хангах, зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд тэднийг дэмжиж, зөвлөгөө өгч үйлчилдэг. Өнөөдөр зөвхөн Англи улсад 1.8 сая өрх толгойлсон гэр бүл бий гэсэн тоо байдаг.
Карли, Эзра хоёр
Карли: Би гурван настай Эзрагийн ганц бие ээж. Нэг залуутай үерхэж байх хугацаандаа төлөвлөөгүй жирэмсэлсэн. Жирэмсэн болсноо мэдээд би үерхлээ үргэлжлүүлж, гүнзгийрүүлэхийг хүссэн ч тэр хүн маань хүсээгүй. Тиймээс л түүнийг бэлэн болтол нь өөрийнхөө шийдвэрийг дагаж хүүгээ төрүүлсэн дээ. Өдөр тутмын амьдрал минь тууштай байх гэсэн сорилттой байнга тулгардаг. Би цагаан арьст, хүү минь эрлийз. Энэ талаар л хамгаас их боддог. Хүүтэйгээ тогтоосон харилцаагаараа бахархдаг ээж. Миний Эзра цэцэглэн хөгжиж буй бяцхан эр. Түүнийгээ хараад энэ миний бүтээл гэж хэлж чадах учраас сэтгэл минь үргэлж дүүрдэг.
Деми, Алекс, Лукас
Деми: Миний ихэрүүд Алекс, Лукас одоо гурван настай. Мөн тэд бол гайхалтай “бяцхан хүмүүс”. Хангалттай дүүргэдэг хүмүүс гэсэн ч болно. Тэд хоёр нас хүрмэгцээ өдөр унтахаа больсон. Тэрнээс нь шалтгаалаад миний үдээс хойших завсарлага ч алга болсон. Сүүлийн нэг жил тэд өдрийн яг талд нь, 12 цаг сэрүүн байдаг болсон доо. Тэднийг өдөр унтахаа больж эхэлсэн тэр үед би шүүхээр явж, ээж минь нас барсан гээд олон зүйл давхацсан юм. Хамтрагчаасаа салсны дараа зөвхөн би болон хөвгүүд, би болон хөвгүүд, би болон хөвгүүд минь л үлдсэн. Тэднийгээ оронд нь оруулчхаад ядарч туйлдсанаа мэдэрч, буйдан дээр суугаад зурагт ширтэхээс өөр зүйл хийж чадахгүй болсон байлаа. Орон нутгийн Gingerbread дэмжих бүлгийг олсон нь ганц бие ээжийн амьдралд минь маш том дэм болсон доо.
Тайяаба, Вайз хоёрын амьдрал
Тайяаба: Би NHS-ийн гол ажилтан. Би гэр бүлийн хүчирхийллийн өртдөг байсан болохоор ээж болсон эхний өдрөөсөө өрх толгойлсон эцэг, эх байсан юм шиг санагддаг. Хайр байсан ч хүндэтгэлгүй байсан тэр харилцаа. Би хүүтэй болсон учраас экстэйгээ хамт байхдаа мэдэрч байсан бие, сэтгэл, санхүүгийн хүчирхийлэлдээ харамсдаггүй. Тэр намайг хаана ч байсан олоод ирдэг болохоор 5-6 түр байр дамжиж амьдарсан. Тэр бүхний дараа, долоон жилийн өмнө байнга амьдрах болсон энэ газарт ирээд Gingerbread-ыг олсон. Би хүмүүстэй уулзаж, тэдэнтэй ярилцаж, бусад ганц бие эцэг эхчүүдэд туслах боломжтой. Бусад хүмүүст туслах үед би илүү сайн хүн болсон мэт санагдаж, давхар өөртөө тусалж байгаагаа мэдэрдэг. Хамгийн гол нь тэд, бас бид ганцаараа биш. Бид бүгд нэг завин дээр байгаагаа ойлгох, өрх толгойлсон эцэг/эхийн хувьд сайн байгаа шүү гэдгээрээ бахархах боломж бидэнд бий болсон.
Теа, Мозес хүүтэйгээ
Теа: Миний хүү Мозес долоон настай. Өнгөрсөн хугацааны ихэнхэд нь би ганц бие ээж байж дээ. Жирэмсэн болоход Мозесийн аавтай дөнгөж үерхэж эхэлж байсан учраас бие давхар үеэ ганцаараа л өнгөрүүлсэн. Хүүгээ тээж, төрүүлэх шийдвэр миний амьдралын хамгийн зөв шийдвэр. Өнгөрсөн жилийг хүртэл бид хоёулаа ганцаараа байсан ч хөл хорионы нэг үеэр Мозесийн эцэгтэй хамтдаа гэрээр хичээл хийсэн. Тэр үеэс хойш бид ахин болзож, одоо хүүгээ дүүтэй болгож байгаа.
Викториагийн “ГЭР БҮЛ”
Викториа: Би есөөс 23 насны зургаан хүүхэдтэй. Том хүү маань аутизмтай. Би өрх толгойлсон ээж байхдаа дахин гэр бүлийн амьдрал зохиож, цар тахлыг даван туулж, гурван хүүхэд маань их сургуульд элсэн орсон. Хүүхдүүд минь үнэхээр гайхалтай, тэднээрээ би бахархдаг. Заримдаа эргэн дурсахад яаж давсан юм бол доо гэмээр хүнд үе олон тохиож байсан учраас өөрөөрөө ч , гэр бүлээрээ ч, энэ амьдралаараа бахархдаг. Өрх толгойлсон эцэг/эхчүүд бид хүүхдүүдийнхээ төлөө хүчтэй байхын тулд өөрсдөдөө ч анхаарал тавих ёстой гэдгийг мэддэг. Хүүхдүүд маань гэр бүлүүд янз бүрийн “хэлбэр”, “хэмжээтэй”байдаг гэдгийг ойлгодог. Хэдийгээр энэ нь байнга ядарч, заримдаа ганцаарддаг ч би ганц бие эх гэдэгтээ гуньж, гутардаггүй.