Бээжингийн Өвлийн Олимпын наадам долоо хоногийн дараа эхэлж, дипломат бойкотууд цар тахлын дунд зохиогдоно.
Бээжин хот зуны болон өвлийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох бөгөөд 2008 оноос хойш зарим газруудыг, тэр дундаа Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг дахин ашиглах бөгөөд нээлтийн ажиллагааг Хятадын нэрт найруулагч Жан Имоу дахин удирдах юм.
Бүх зүйл өөр
2008 оны Зуны олимпын наадмаар Хятад улс дэлхийн тавцанд гарч ирсэн гэхэд болно. Тэд Зуны олимпоор дэлхий нийтийг гайхшруулсан бол Өвлийн олимпыг илүү баян чинээлэг, хүчирхэг, мөн бусад улстай хамгийн их зөрчилдөөнтэйгээр зохион байгуулах нь гэж шинжээчид дүгнэж буй.
"Ковид-19"-ийн эрин үед Хятад улс хөл хорионы хатуу бодлого баримталж, олон улсын бараг бүх нислэгээ цуцалсан. Тиймээс олимпын наадамд оролцогчид шууд нислэгээр Бээжинд ирж, наадмын хотхон руу хүргэгдэх юм.
2008 оныхтой адил Олимп Хятадын хүний эрхийн байдлыг анхаарлын төвд дахин оруулж, Вашингтон Уйгарын лалын шашинтнуудад хандаж буй Бээжингийн хандлагыг геноцид гэж нэрлэж, АНУ болон бусад улс орнууд дипломат бойкот зарлахад хүргэсэн гэхэд болно.
Энэ бүхний эсрэг Хятад улс хүчирхийлэл үйлдсэн гэх мэдэгдлийг няцааж, наадмыг улстөржүүлж байгааг удаа дараа шүүмжилсээр ирсэн.
Оксфордын их сургуулийн Хятадын түүх, улс төр судлалын профессор Рана Миттер "2008 оны Олимп Хятад улс дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлэхийг эрмэлзэж байсан тул зөөлөн хүчний хүчирхэг эх сурвалж байсан. Өнгөрсөн онд Хятадын нэр хүнд барууны ертөнцөд мэдэгдэхүйц унасан" гэж дүгнэжээ. "Хятадын Коммунист нам 2022 оны Өвлийн Олимп Хятадын энэ байр суурийг өөрчлөх ямар нэг зүйл хийж чадна гэж найдаж байна” гэж профессор Миттер Ройтерсийн сэтгүүлчид хэлжээ.
Гэсэн хэдий ч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хамт Бээжинд байхаар төлөвлөж буй ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины хил дээр цэргээ байрлуулж, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед наадам эхлэх гэж байгааг тоохгүй өнгөрч болохгүй.
ӨӨР ЦАГ
Бээжингийн гудамжууд сүүлийн үеийн жижиг кластерууд, тэр дундаа илүү хурдан тархаж халдварлах магадлалтай омикрон хувилбараас үүдэлтэй тогтоосон хязгаарлалтаас болж олимпын наадмын дуулиан шуугиангүй нам гүм байна.
Олон нийтэд зарагдахгүй тул тасалбар худалдаж авах боломжгүй үзэгчдийн сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой. Олимпын наадмын арга хэмжээнүүд бүгд Ковид-19-ийн эсрэг хатуу хяналтан дор сонгогдсон хүмүүсийн хүрээнд л явагдана.
Бээжингийн Өвлийн олимп өнгөрсөн зуны Токиогийн олимпоос ч "хаалттай тойрог" дотор явагдах бөгөөд өвлийн спортын хүчирхэг гүрэн болох барууны олон оронд өргөн тархсан омикрон үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар санаа зовсон зарим орны төлөөлөгчид гишүүдээ “өөрсдийн утсаа” авчрахыг анхааруулсан гэх.
Тамирчид болон Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Хятадад байх хугацаандаа улс төрийн эмзэг сэдвээр үг хэлэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Тэтгэвэрт гарсан ахмад улс төрчийг өөрт нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж, улмаар хэдэн долоо хоногийн турш сураггүй алга болсон Хятадын теннисчин, олимпын аварга асан Пэн Шуайтай холбоотой дуулиан нь Хятад улс уг тэмцээнийг зохион байгуулж байгааг шүүмжлэгчдийн тэмцлийг хурцатгаж буй. Хэсэг хугацаанд “алга болсон” Пэн Шуай түүний олон нийтийн сүлжээний нийтлэлийг буруугаар ойлгосон гэж мэдэгдсэн ч тамирчны аюулгүй байдалд санаа зовсон Эмэгтэйчүүдийн теннисний холбоо Хятадад болох тэмцээнүүдийг түр зогсоосон билээ.
АНУ-ын нэг олимпын тамирчин Ройтерс агентлагт хэлэхдээ, Олимпын наадмын үеэр хүний эрхийн талаар дуугарахгүй, учир нь энэ нь түүний аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж үзэж байгаагаа хэлжээ. "Хятад улс хамгийн сүүлд Пэн Шуайтай хамт өөрсдөд нь таалагдахгүй байгаа аливаа хэллэгийг дарахын тулд ямар ч арга хэмжээ авахад бэлэн гэдгээ харуулсан гэж би бодож байна" гэж тэр хэлсэн тамирчин нэрээ хэлэхээс татгалзжээ.
Олон улсын олимпын хорооноос тамирчид хэвлэлийн бага хурал, ярилцлагад оролцохдоо санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой гэж мэдэгдсэн ч Олимпын үзэл санаа, Хятадын дүрмийг зөрчсөн тамирчдыг шийтгэх боломжтой гэж Хятадын албаны хүн саяхан мэдэгдсэн нь зөрчилдөөнтэй байдалд хүмүүсийг оруулсан юм.
АЮУЛГҮЙ СОНГОЛТ
2015 онд Бээжин хот 2022 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан нь өвлийн спортын уламжлал бага, цас бага ордог ч аюулгүй сонголт гэж үзсэн ОУОХ-ны шийдвэртэй шууд холбоотой.
Ковид-19-ийн улмаас бүтэн нэг жилээр хойшлогдсон Токиогийн зуны олимпоос ялгаатай нь Бээжингийн наадам ямар ч байсан товлогдсон хугацаандаа болно.