Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудаас 26 компани, 3 үйлдвэрийн газар эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг билээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр "Дулааны цахилгаан станц-3" төрийн өмчит компанид ажиллав.
Тэрээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа, инженер техникийн ажилтнуудтай санал солилцож, өнөө үед эрчим хүчний салбарт тулгамдаж буй эрчим хүчний үйлдвэрлэлийн найдвартай, тасралтгүй ажиллагаа, эрчим хүчний хэрэглээний өндөр ачаалал, нэн шаардлагатай технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын оновчтой зохицуулалтын талаар компанийн удирдлагуудтай санал солилцлоо.
Дулааны 3-р цахилгаан станц нь 1968 оноос цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд барилга байгууламжийн насжилт өндөр техникийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм.
Өнөөдрийн уулзалтаар тус цахилгаан станц дээр Оросын холбооны улстай хамтран хийх өргөтгөлийг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.
Мөн уг ажлын үеэр онцлох нэгэн үйл явдал болсон нь тус байгууллагад үр бүтээлтэй, удаан жил ажилласан 21 албан хаагчдад Засгийн газрын 389-р тогтоолоор одоо амьдарч буй орон сууцыг нь хувьчлах шийдвэр гаргасны дагуу орон сууцны эзэмшлийн гэрчилгээнүүдийг гардууллаа.
Ингэснээр тус ажилчдын өмнө тулгамдаад байсан харьяалал бус гээд цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ хамруулж чаддаггүй байсан, татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй байсан, барьцаанд тавьж зээлэнд хамрагддаггүй болон орон сууцаа сольж нөхцөл сайжруулах боломжгүй гэх мэт асуудлууд шийдэгдэж байгаа юм.