Өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт байрлах хилийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг даргынхаа аминд хүрээд, галт зэвсэг, байлдааны сумтай зугтсан хэрэг гарсан. Амиа алдсан цэргийн дарга нь Ховд аймгийн харьяат, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг байсан талаар мэдээлж байсан. Мөн талийгаач шүлэг бичиж, яруу найраг уншдаг авьяастай, ар гэр, ойр тойрны хүмүүсийн хэлж буйгаар элдэв зан, характер гайгүй, төлөв томоотой залуу байсан талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм.
Тэгвэл уг хэргийг Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцсэн байна.
Хэргийг үйлдсэн гэх байлдагч Х-д 11 жил хорих, байлдагч М-д зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял тус тус өнгөрөгч оны арваннэгдүгээр сард сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноож байсан ч "байлдагч Х-ийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний амь бүрэлгэхэд оролцсон М-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй" хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.