Бид монголдоо анхдагч агаарын иог буюу Ари иог студийг энэ удаа онцолж, агаарын иогийн үүсэл хөгжил болон иогоор хичээллэх нь хүний биед ямар хэрэгтэй байдаг талаар тодрууллаа.
Энэ талаар "Ари иог" студийн захирал Ц.Ариунзаяа, “Агаарын иогийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд зөв хэвшил суулгах, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, энгийн хүмүүс ч хичээллэх боломжтой талаас нь хүргэхийг зорьж байгаа. Үүсэл хөгжлийн хувьд Европ болон АНУ-аас гаралтай. Агаарын гимнастик иог хоёр холилдож гарсан гэсэн үг. Энэ төрөл нь газрын йогийг бодвол харьцангуй залуухан.
Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан өвчин зовуур хүн бүрд үүсдэг. Иог нь дотоод гоо сайхан, эрүүл мэнд, сэтгэл санааны эрүүл байдал дээр тулгуурладаг юм. Маш олон залуу зовуураа тоохгүйгээр ажилладаг. Нурууны өвчлөлд залуу хүмүүс өртөх нь их болсон байна. Манай дээр ирж хамрагдаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нурууны өвчтэй байна. Үлдсэн хувь нь илүүдэл жин болон сэтгэл зүйн асуудалтай байх нь бий. Иог хүн бүрд өөр өөр зүйл өгдөг ач холбогдолтой. Би иогийг спорт, шинжлэх ухаан, анагаах ухаан гурвын нийлмэл зүйл гэж үздэг. Урлаг тал руу хөгжүүлэхийг сүүлийн үед зорьж байна.
Эхний хоёр жилийн сургалтыг анхан шат гэж ойлгоход болно. Түрүүн хэлсэнчлэн иог хүн болгонд хэрэгтэй зүйлийг нь өгдөг. Эхний нэг хоёр хичээл дээр толгой эргэж, дотор муухайрч дайвалзаад байвал яг зөв газраа ирсэн гэсэн үг. Энэ нь таны биеийн бодисын солилцоо хэвийн биш болчихсон, тэнцвэртэй байдал алдагдсан байгааг илэрхийлж байгаа юм. Анхан шатанд хоёр жил сураад цаашаа урлаг тал руугаа хөгжүүлээд явах боломжтой. Багш болох хүсэлтэй хүмүүсийн хувьд өөрөө мундаг сайн хийнэ гэхээс илүү багшлах арга барил талаас нь, хүнд яаж хүргэх талаар, хүний биеийн бүтцийг заадаг учир заавал олон жил сурах шаардлага тавьдаггүй” гэв.