Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны цахилгааны шатны хаалгаар гурван настай хүү долоон давхраас унаж эндсэн хэргийн талаар мэдээлсэн.
Тухайн орон сууцны оршин суугчдын мэдээлж буйгаар лифт эвдрэлтэй гэсэн шалтгаанаар хоёр жилийн турш ажиллаагүй. СӨХ энэ байранд байхгүй гэж мэдээлсэн юм.
Үүнтэй холбогдуулан бид НМХГ-ын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгээс тухайн байр лифтээ засварласан эсэхэд хэрхэн хяналт тавьсан талаар тодрууллаа. Тэрбээр, “2018 онд тухайн байрны СӨХ-өөс хүсэлт гаргасны дагуу техникийн байдал, эвдрэл гэмтлийг тогтоох дүгнэлт гаргаж өгсөн. Бидэнд техникийн эвдрэл тогтоож өгөх хүсэлтийг л гаргасан гэсэн үг. НМХГ СӨХ-ны дотоод асуудалд хяналт шалгалт тавих чиг үүрэг байхгүй. Тиймээс энэ асуудалд НМХГ ямар нэг хариуцлага хүлээхгүй” гэсэн тайлбар өглөө.
Харин ЦЕГ-ын мэдээлж буйгаар уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж байна. "Лифтний хаалганд хүрэхэд сул, хүний аюулгүй байдал хангагдаагүй байсан. Лифтний засвар үйлчилгээг хэн хариуцах ёстой байсан, хаана хариуцлага алдсаныг шалгаж байна" гэсэн юм.
Ийнхүү томчуудын хайнга, болхи, хариуцлагагүй байдлын балгаар гуравхан настай хүү лифтнийхээ хаалгыг налж байгаад унаж амиа алдав. Энэ хэрэгтэй холбоотой НМХГ тэргүүтэй хэд хэдэн улсын байгууллага хэргийн хариуцлагыг “СӨХ-гүй байрны” СӨХ-руу чихэж бултав.