
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер 1986 онд дэлхийн хамгийн эмзэг бүлгийн 3.5 сая хүн туссан өвчинтэй тэмцэж эхэлсэн нь Гвинеин өтөх өвчин юм.
Гвинейн өтөх өвчний халдвар өнгөрсөн жил дэлхий даяар арав гаруй болж буурч, Ерөнхийлөгч асан Жимми Картерын уг өвчнийг бүрэн устгах зорилго биелэхэд дөхсөн.
Өтөх өвчинтэй тэмцэх, судлах “Картер төв”-өөс лхагва гарагт мэдээлснээр 2021 онд нийт Гвинеин өтөх өвчнөөр өвчилсөн 14 тохиолдол бүртгэгдсэн нь Африкт ундны усны хүртээмжийг сайжруулах олон жилийн эрүүл мэндийн кампанит ажлын үр дүн юм. Бохир ус ундандаа хэрэглэдэг хүмүүсийн арьснаас өт өөрөө гарч ирэхээсээ өмнө нэг метрийн урттай шимэгч хорхой болон томордог байна. Жимми Картер, эхнэр Розалиныхаа хамтаар үүсгэн байгуулсан Атланта хотод төвтэй “Картер төв”-ийн мэдээлснээр шинээр бүртгэгдсэн халдварууд Чад, Судан, Ангол, Камерун улсуудад гарчээ.
Энэ нь өнгөрсөн онд Африкийн долоон улсад 27 тохиолдол бүртгэгдсэнтэй харьцуулахад 50 орчим хувиар буурсан үзүүлэлт юм.
Картерын төвийн Гвинеин өтөх өвчнийг устгах хөтөлбөрийн захирал Адам Вайс "Бараг найман тэрбум хүн амтай манай гаригт ердөө 14 хүн уг өвчнөөр өвдсөн гэсэн тоо амьдардаг гэж хэлэх нь Гвинеин өтөх өвчнийг устгах хөтөлбөрийн хувьд үнэхээр гайхалтай амжилт юм" гэж Associated Press агентлагт ярьжээ.
Нохой, муур зэрэг амьтдын Гвинеин өтөх өвчний халдвар 2020 онтой харьцуулахад 45 хувиар буурсан байна. Энэ нь маш чухал, учир нь халдвартай гэрийн тэжээвэр амьтад хүмүүст халдвар тараахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг Адам Вайс онцолсон.
Нэг метр хүртэлх урттай болтлоо өссөн өт нь бохир усыг ууснаас үүдэн хүний биед дамжин орж нэг жил хүртэл амьдарч, үрждэг бөгөөд ихэвчлэн хөл эсвэл биеийн бусад мэдрэмтгий хэсгүүдийг цоолон гарч ирдэг.
Гвинеин өт нь өөрөө үхэлд хүргэдэггүй. Гэвч АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, энэ нь халдвар авсан хүмүүсийг шинээр гарч ирж буй өтийг биеэс бүрэн түүх хүртэл өвдөлт ихтэй, сул дорой болгодог өвчин аж. Хүний биеийг өвтгөх үйл явц нь хэдэн долоо хоногоор үргэлжлэх нь ч бий гэнэ. “Картерын төв” Ковид- 19 өвчний улмаас хөтөлбөрөө түр зуур зогсоосон ч боломж гарсан даруйд хөтөлбөрөө сэргээжээ.
Хүн төрөлхтний цорын ганц өвчнийг амжилттай устгасан байдаг нь салхин цэцэг өвчин билээ. Тэгвэл Гвинеин өтөх өвчинг ч ул мөргүй устгаж олон зуун мянган хүнийг биеийн зовлон өвдөлт туулахгүй байлгах боломжтой. Ундны усаа ариутган шүүж хэрэглэснээр биедээ шимэгч орохоос сэргийлэх нь Гвинеин өтөх өвчнөөс сэргийлэх хамгийн өндөр боломжит хувилбар аж. Одоо бүртгэгдээгүй үлдсэн тохиолдлууд байлаа гэхэд тэдгээр нь ихэвчлэн алслагдсан, хүрч очих боломжгүй газруудад байж болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулжээ.