Энэ сарын 25-нд Оюу толгойн далд уурхайн анхны тэслэгээг хийж малтлагыг эхлүүллээ. Энэ үеэр бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, "Рио тинто"-ийн зэсийн группийн захирал Б.Болд нараас,
- Ашиглалтад орж бгаа гүний уурхайг нээхэд зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн гэж хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарч байсан. Энэ асуудлыг яг яаж шийдээд өнөөдөр гүний уурхайгаа нээв ээ? Зардлаа хаанаас босгов? Зардлын хэтрэлт монголд хамаатай хэвээрээ юу?
- Оюутолгойн засаглалыг сайжруулах санал ТУЗ дээр батлагдсан. Засаглалыг яг яаж сайжруулах вэ? Яг юу хийх вэ? Ямар хяналт хэрхэн яаж тавих вэ?
- Дубайн гэрээг цуцлах эсэх дээр шийдвэр гарсан уу?
- ОТ төслөөс монгол улс авах ёстой татваруудаа авч чаддаггүй? Гүний уурхай ашиглалтад орлоо. Энэ татваруудаа авч чаддаг болох уу? Суурь гэрээнүүдээр энэ асуудлыг шийдэж байгаа юу?
- Төслөөс Рио тинто ч Монгол ч ашиг хүртээгүй байгаа гэж Ж.Болд захирал мэдэгдэж байсан. Гүний уурхай ашиглалтад орлоо. Хоёр тал ашиг хүртэх үү? Зэрэг асуулт асууж тодрууллаа.
Бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонгоос, ОТ төслөөс монгол улс авах ёстой татваруудаа авч чаддаггүй асуудлыг хөндөн, ашиглалтад орж буй Гүний уурхайгаас энэ татваруудаа авч чаддаг болох эсэхийг тодрууллаа.
Тэрбээр, “Авч чадахгүй татвар гээд сайн ойлгосонгүй. Авах ёстой татваруудыг бүгдийг нь авч байгаа. Анхны гэрээнд татварыг тогтворжуулсан асуудал байдаг. Тэр хэмжээгээр татвараа бүрэн гүйцэд авч байгаа. АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/ -ийн татвар 2010 оноос өдийг хүртэл жилд дунджаар 68 сая долларыг авч байгаа шүү дээ.
Оюу толгойн өнөөгийн гаргаж байгаа борлуулалтын орлогод хязгаарлагдах нэг зүйл байдаг. Тэр нь баяжуулах үйлдвэрийн хүчин чадал. Жилд 40 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай. Аажим аажмаар гүний уурхайгаас гарах хүдрийн хэмжээ нэмэгдэж, ил уурхайгаас гарах хүдрийн хэмжээ багасаж явна. Гүний уурхайд хүдрийн агууламж гурав дахин их байгаа учраас баяжуулах үйлдвэрээс гарах хүдэр ч гурав дахин илүү болно гэсэн үг. Үүнийгээ дагаад борлуулалтын орлого, үүнээс тооцож авдаг АМНАТ-ийн хэмжээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо явж байгаа” гэлээ.