Ардчилсан намаас долоо хоног бүхэнд олон нийтэд мэдээлэл өгдөг 4/11 ээлжит хурал боллоо. Мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нарийн бичгийн дарга О.Баасанхүү нар өгөв.
АН-ын ЕНБД Ч.ӨНӨРБАЯР "2021 он бол эрх баригч МАН-ын түүхэн 100 жилийн ой болон жил. Энэ түүхэн ойгоороо хамгийн их хүний эрхийг уландаа гишгэсэн хүмүүсийг шорон гяндангаар айлгасан жил боллоо. Харамсалтай нь үүнд эрх баригчид бодитой алхам хийсэннүй. АН-ын бүлгээс энэ эрх нь зөрчигдсөн, үгээ хэлээд үзэл бодлоо хэлсний төлөө хоригдсон, шалгагдсан энэ иргэдийнхээ талд зогссон. Энэ тал дээр Ан-ын бүлэн ХЭҮК-той хамтраад нээлттэй сонсгол зохион байгуулж, тодорхой УИХ-ын гишүүд гарын үзэг зурсан. Үүнд цаашаа хийх ажил нь эрх баригч нарын ажил байна.
Тиймээс цаашид Ардчилсан намын бүлэг хүний эрхийг хамгаалах чиглэлд тууштай ажиллана. Засаг, төрийн үйл ажиллагааг шүүмжилснийхээ төлөө эрхээ зөрчүүлсэн иргэдээ хамгаална.
Намрын чуулганаар УИХ 16 хууль баталсан байна. Тухайн хуулиуд дотор төрийг хариуцлагатай болгох чиглэлд нэг ч өөрчлөлт хийгдсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтан нэртэй 200 гаруй хүн бий ч хариуцлага тооцдог хууль байхгүй. Ийм хуультай болох ёстой. Төсөл нь бэлэн болсон байгаа. Энэ төслийг хаврын чуулганаар өргөн бариулна. Өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх цаг нь болсон. Бүртгэл, санхүүжилт, илт тод байдлаас эхлээд олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй" гэлээ.
Тодруулбал,
- Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалсан бие даасан хуулийн төсөл
- Иргэний улс төрийн эрхийн тухай хууль /иргэн заавал улс төрийн намаар дамжуулж төрийн эрхийг барихгүй. Өөрсдөө бие дааж эрх барих хуулийн төсөл/
- Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох хуулийн төсөл /өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулна/
Мөн 2020 он хөшөө дурсгалыг хэдэн тэрбумаар барьж, нураасан жил боллоо. 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихаар болсон. Яг ийм байдлаар хөшөө дурсгал барих 212 ажлын жагсаалт байна. Үүнийг цуцлах шаардлагатай. Үнэт зүйл, хөрөнгө оруулалтын ач холбогдлоо эрэмбэлэмээр байна. Үүнд Ардчилсан намын бүлэг анхаарна. Хөгжлийн банк бол манай улсыг хөгжүүлэх, томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байх ёстой. Олон улсын зах зээл дээрээс бонд босгодог. Гэтэл энэ мөнгийг хэдхэн улс төрчдийг тойрсон хүмүүст хувааж өгөөд буцааж авахгүй байна. Ингэж байгаа юм бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татвараас чөлөөл. Энэ илүү бодитой алхам. Гэтэл хуульчдагдсан дээрэм хийгээд байна" гэлээ.
АН-ын дэд дарга Ч.Отгочулуу "Өнөөдөр эрх баригч МАН амлалтаа мартаад байгааг та бид сануулах нь зүйтэй гэж үзлээ. 2016 оноос хойш үнэмлэхүй олонхын суудалтай байгаа. Анх юу гэж гарч ирсэн бэ гэхээр МАН тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж нэмнэ гэсэн амлалтыг өгсөн. Гэвч тоо баримт их өөр байдлыг хэлж байгаа. Инфляц албан ёсоор 15 хувьтай байх шиг байна, албан бусаар 60-70 хувьтай байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл өндөр насны тэтгэвэр авч байгаа хүмүүсийн орлого үүнтэй уялдан өсөхгүй байна. Өнгөрсөн онд 353 мянган иргэн нийтдээ 1.8 их наяд төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Ирэх онд энэ тоо төдийлөн өсөхөөргүй харагдаж байна. Төгрөгийн ханш сул байгаа та бүхэн мэдэж байгаа. Тэтгэвэр өсөөгүй ч манай өндөр настнуудын сард авч байгаа тэтгэврийн хэмжээний худалдан авах чадвар эрс буурсан байна. Жишээ нь, 2016 онд сарын тэтгэвэр нь 190 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 150 ам.доллар болж буурч, худалдан авах чадвар нь 20 хувь буурсан байна. 2016 онд нэг сарын тэтгэврээрээ 50 кг мах адаг байжээ. Одоо бол 29 кг ч хүрэхгүй мах авч байна. Зөвхөн махаар илэрхийлэхэд өндөр настны худалдан авах чадвар 40 хувиар буурсан. Тэгвэл тэтгэвэр нэмэх боломж байгаа юу. 2022 онд 6 их наяд төгрөгөөр энд тэнд барилга барина гэсэн ийм төсвийг баталсан байгаа. Энэ нь тэтгэврийн нийт фондоос гурав дахин их мөнгө. Андлалын хөшөө бол мөсөн уулын орой. Үүнтэй адилхан Нууц товчоо, Их түүхийн жимээр гээд олон хэрэггүй бүтээн байгуулалтууд байгаа. Зарим сумын төвд хоёр дахь Соёлын ордон барьж байна. Энэ объектуудыг хувьчлах ёстой.
Урсгал зардал гээд олон их наяд төгрөг зарцуулахын оронд тэр суларч гарч ирсэн мөнгөө насаараа төрдөө зүтгэсэн өндөр настны тэтгэвэр авч байгаа хүмүүсийнхээ тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Дундаж тэтгэвэр 380 мянга орчим төгрөг байгаа. Эрх баригчид амлалтдаа хүрэхгүй байгаа. Харамсалтай нь улсын төсөв 3 дахин өсөж ирсэн. Хөшөөний мафид очиж байгаа мөнгө 3-4 дахин өсөж ирсэн. Тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодитоор 30-40 хувиар унасан байна шүү гэдгийг сануулах гэсэн юм.
АН-ын нарийн бичгийн дарга О.БААСАНХҮҮ: Монгол Улсын Үндсэн хууль дээр хэнийг ч хууль бусаар цагдан хорих, мөрдөн мөшгөхийг хориглосон байгаа. Яг энэ утгаараа Монгол Улсын Эрүүгийн хуульд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор багтаан шүүгчдэгчид шүүхийн шийдвэри йг гардуулж өгөх үүрэгтэй байдаг. Нөгөөх нь гардаж авснаасаа хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй. Гэтэл хотын дарга асан Э.Бат-Үүлийг 40 хоног шүүхийн шийдвэргүйгээр хорьж байна.
Монгол Улсын төсвийн 98 хувийг уул уурхайн татвар, хоёр хувийг аж ахуйн нэгжүүд бүрдүүлдэг. Үүнийг тэглэх нь татварын бааз, мэдээллийг алдана гэж үздэг. Бодит байдал дээр аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нараас энэ татварыг хасчихад л бодит дэмжлэг болох юм.
Хэрэв илүү татвар татаасаа багасгачихвал заавал ингэж баяр наадмаар боов, боорцог тарааж, шоу хийх шаардлагагүй болно. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг хасчихвал л болохоор байхад эрх баригчид үүнээс татгалзаад байна. Оффиссоо гоёж, машинаа томруулж байхын оронд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Хуулийн дагуу хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өгөх ёстой гэдэг мөртлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сард 288 мянган төгрөг өгч байна. Төрийн албанд ажилладаг үйлчилгээний ажилтнуудын цалинг хүртэл хасах шийдвэр гаргасан. Өндөр дээд албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргаж байгаа нь утгагүй шийдвэр. Үүний төлөө үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийх гэж байна. Тэтгэвр нэмэгдүүлэх, татварын орчныг иргэдэд ээлтэй болгох л чухал асуудал. Гэтэл боов, чихэр тарааж, ард иргэдийн тэр дундаа өндөр настнуудын тархийг угааж байхаасаа ичих хэрэгтэй. Хэрэв үүнийг зогсоохгүй бол АН цаашид тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ.