АНУ-ын Бостон хотын нэгэн эмнэлэг Ковид-19-ийн эсрэг вакцинх ийлгээгүй гэсэн шалтгаанаар зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийхээс татгалзжээ.
31 настай Фергюсонд шинэ зүрх хэрэгтэй байгаа ч Бостон дахь Бригамба Эмэгтэйчүүдийн эмнэлэг /Brigham and Women`s Hospital/ түүнийг жагсаалтаас хассан тухай эцэг Дэвид Фергюсон BBC-ийн сэтгүүлчид мэдэгдсэн байна.
Тэрээр Ковид-19-ийн эсрэг вакцин нь хүүгийнх нь "үндсэн зарчмуудтай” зөрчилдөж буйг дурдаад хүүгээ вакцинд итгэдэггүй" гэжээ. Харин эмнэлгийн зүгээс баримталж буй бодлогынхоо дагуу ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан аж.
Бригамба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч BBC-д өгсөн мэдэгдэлдээ: "Донор эрхтний хомсдолтой байгаа тул бид эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөнамьд үлдэх хамгийн өндөр магадлалтай байлгахад анхаарч байна. Дархлааны тогтолцоо нь эрс дарангуйлагдсан байгаа учир эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүдээс Ковид-19-ийн вакцин хийлгэсэн, амьдралын хэв маяг нь мэс заслын үр дүнд эерэгээр нөлөөлөх, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа өвчтөний эсэн мэнд үлдэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс шийдвэрээ гаргаж байгаа гэжээ. Мөн өвчтөний хувийн нууцыг дэлгэх шаардлагатай болох учир илүү мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Эрхтэн шилжүүлэн суулгахаар хүлээгдэж буй 100 мянган хүний ихэнх нь донор эрхтний хомсдолоос болж ойрын таван жилдээ эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орохгүй гэдгийг онцолжээ.
Ноён Фергюсон өнгөрсөн Талархлын баяр буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс хойш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. GoFundMe-д бүртгэгдсэнээр бол түүний уушгийг цус, шингэнээр дүүргэхэд хүргэдэг удамшлын зүрхний асуудалтай учир яаралтай донор эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгтэй гэж оношлогдсон аж.
Нью-Йоркийн Гроссман Анагаах Ухааны Сургуулийн Эмнэлгийн ёс зүйн хэлтсийн дарга, доктор Артур Каплан CBS News-т хэлэхдээ аливаа эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын дараа өвчтөний дархлааны систем бүрэн зогсонги байдалд ордог бөгөөд энгийн ханиад хүртэл үхэлд хүргэх нь бий гэнэ. Доктор Каплан хэлэхдээ "Эрхтэн ховор, вакцин хийлгэсэн бусад хүмүүс хагалгааны дараа амьд үлдэх магадлал өндөр байхад бид амьдрах боломж муутай хүнд эрхтэн шилжүүлэн суулгахгүй" гэжээ.
Гурван хүүхдийн эцэг Фергюсоны гэр бүл түүнийг өөр эмнэлэгт шилжүүлэхэд бие нь хэтэрхий сул байгаа гэдгийг дурдаад амьд явах хугацаа маш бага үлдсэн хэмээн тайлбарласан байна.
Дэвид Фергюсон "Миний хүү үнэхээр зоригтой байгаа. Хүүгийнхээ үнэнч шударга байдал, зарчимч байдлыг нь хараад улам хүндлэх болсон. Түүний бие түүний сонголтоор байх болно” гэжээ.