
Тайландад “Цагаан сар”-ын баярын өмнөх өдрүүдэд гахайн ханиад, нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор гахайн махны үнэ огцом өсчээ. Шинэ он гарснаас хойш гахайн махны килограмм тутмын үнэ 40 хувиар өссөн байна.
Бангкок хотын нэгэн дүүргийн гоймонгийн мухлагийн эзэн Яжай таваг хоолныхоо үнийг нэмэхийн оронд хоолондоо гахайн мах бага хийж байгаа нь Африкт дэгдсэн гахайн ханиадны дараа Тайландын гахайн махны үнэ өссөнтэй шууд холбоотой. Ойролцоох гудамжинд жимсний худалдаалагч үнэ өсөхөөс зайлсхийхийн тулд папайя, гуава, хан боргоцойг жижиглэн хэрчиж худалдаалж эхэлжээ.
Зөвхөн гахайн мах ч бус өндөг, ургамлын тос, хий, тахиан махны үнэ ч мөн өссөн.
"Он гарснаас хойш миний зардал 20 хувиар өссөн" гэж гоймонгийн мухлагийн эзэн Яжай Аль Жазирагийн сурвалжлагчид ярьжээ. "Кокосын сүү, хоолны тос, тэр ч байтугай вонтон боодол хүртэл … Бүх зүйл нэг дор өссөн явдал өмнө нь тохиолдож байгаагүй" гэж Яжай хэлэв.
Дорнын орнуудын “Цагаан сар”-ын баяр ойртож байгаа энэ үед Тайландчууд инфляцид нэрвэгдэж байна. Цар тахлын улмаас хоёр жилийн орлого хумигдаж, жижиг бизнесүүдийн ашиг огцом буурч, Засгийн газар засч залруулах гэж улайран зүтгэсэн ядуу өрхүүд хэдийн мөнгөгүй болжээ.
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж байгаа нь Тайландын үйлдвэрлэлийн шугам, малын тэжээл зэрэг гол барааны тээвэр, нийлүүлэлтийн сүлжээн дэх зардлыг нэмэгдүүлсэн гэж эдийн засагчид дүгнэж буй. Инфляцийн шуурганы зэрэгцээ Тайландын эрх баригчид энэ сарын эхээр гахайн ханиадны улмаас 20 сая орчим гахайг устгалд оруулж, Тайвань, Камбожид гахайн мах импортлохыг хориглов. Гахайн мах худалдан авч чадахгүй болсон ядуу тахианы мах их хэмжээгээр худалдан авч, улмаар вонтон савлагааны үндсэн орц болох шувууны мах, өндөгний үнийг зохиомлоор өсөхөд хүргэжээ.
Ядуу хүмүүс нэмэлт бат бүрийг мэдэрч байхад Бангкокийн чинээлэг хүмүүс зардал өсөхөд санаа зовохгүй байх магадлалтай.
Тайландын Үндэсний банкны ТУЗ-ийн гишүүн асан Анусорн Тамажай “Аль-Жазира” агентлагт хэлэхдээ, дэлхийн зах зээл дэх нефтийн үнийн өсөлтөөс гадна "хүнсний үнийн одоогийн өсөлт нь бусад махны үнийг өсгөж буй гахайн махны нийлүүлэлтээс үүдэлтэй" гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Тайландын Засгийн газар ирэх гурван сарын хугацаанд улс даяар 3000 түгээх цэгт тахианы мах, өндөг, гахайн махны өртөгт татаас олгохоор 42 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн. Үүний зэрэгцээ Худалдааны яамнаас хэрэглэгчдийг тусгай утсанд холбогдож үнийн өсөлтийн талаар мэдээлэхийг уриалж, буруутай этгээдэд торгууль ногдуулж, хорих ялаар шийтгэнэ гэж мэдэгдсэн ч байдал дээрдэх бус харин ч улам дордож байгаа учир сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд, Худалдааны сайдуудыг агааржуулагчтай өрөөнөөсөө гарч бодит амьдралтай танилцахыг уриалсан юм.