Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс “Оюу толгой” компанийг урт хугацаанд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК өчигдөр гарын үсэг зурлаа. Оюу толгой уурхайн хувьд цахилгаан эрчим хүч амин чухал хэрэглээ бөгөөд гүний уурхайг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа энэ цаг үетэй давхцан эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь нэн чухал үйл явдал болж байна. Ингэснээр гүний уурхай дахь ажилчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг баталгаажуулах ач холбогдолтой бөгөөд гүний уурхайн үйл ажиллагаа урт хугацаанд тогтвортой ажиллах нь Монгол Улсын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Оюу толгой компанийн цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэж буй энэ мөч нь Монгол Улсын эрчим хүчний салбарын хувьд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК хооронд Оюу толгойн ирээдүйн хөгжил, үйл ажиллагааг тодорхойлох өөр бусад чухал асуудлуудыг шийдвэрлэж, санал нэгдсэн том амжилтын нэг хэсэг нь болж байна” гэв.
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани үр бүтээлтэй, харилцан ойлголцож хамтран ажилласны дүнд өнөөдөр Оюу толгой уурхайг Монгол Улсын дотоодын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс урт хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгууллаа. Ингэснээр Оюу толгойгоос Монгол Улсад оруулах хувь нэмэр, өгөөж улам бүр нэмэгдэнэ” гэлээ.
Монгол Улсын Засгийн газраас Өмнөд говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийнсухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюутолгойн зэс-алтны орд, Цагаансуварга, Шивээ-Овоо ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг шат дараалалтайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үүний хүрээнд дээрх орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220 кВ (киловольт)-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, том чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд барьж дуусгасан.
Мөн 450 МВт-ын хүчин чадалтай “Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг төр өөрөө бүтээн байгуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТТДЦС ашиглалтад орсоноор Оюу толгойн уурхайн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны эрчим хүчний системээс авч буй импортын цахилгаан эрчим хүчийг орлох болно.