Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г эцэслэн боловсруулж, хоёр тал албан ёсоор төслийн дараагийн шатны ажлын түвшинд шилжсэн.
Засгийн газар өнөөдөр ТЭЗҮ эцэслэгдсэнийг хүлээн зөвшөөрч, 2023, 2024 он хүртэлх эдийн засгийн үндэслэл дээр тулгуурласан дараагийн шатны инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулахад цаг алдалгүй эхлүүлж, ажиллахтай холбоотой үүрэг даалгавар өглөө.
Цар тахлын үед хоёр талын ажлын хэсэг гурван удаа уулзаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Тэр дагуу ТЭЗҮ арванхоёрдугаар сарын 25-ны өдөр дууссан. Цаашдаа ажил эрчимтэй үргэлжилнэ. Төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, ТЭЗҮ-г баталгаажуулсан тул үндсэн ажилдаа орно. ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Ши Жинпинь дарга нартай Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрөгч долдугаар сард утсаар ярихдаа санал солилцсон. Хоёр улсын төрийн тэргүүн ажлыг эрчимжүүлэх саналыг нааштай хүлээн авсан. Мөн хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хүрээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
2003 оноос хойш ярьж эхэлсэн энэхүү төсөл бодит ажил болох боломж бүрдсэнээр Монгол Улсын хувьд эдийн засгийг өсөлт болон бүтцийг сайжруулах, бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг оролцоо нэмэгдэх боломжийг бүрдүүлж буй хэрэг. Манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа хийн хоолойн давуу байдлыг бид ашиглах ёстой. Жишээ нь агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хэрэглэх" гэв.