Иргэдэд өгч буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Сүүлийн үед УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж байна. Нэг удаагийн бэлэг өгөх, нэг хүний асуудал шийдэх бус улс орны асуудлуудаа дорвитой шийдье гэдэг асуудлыг тавьж байна. Нэг удаагийн бэлэг өгснөөс илүү тэтгэвэр нэмэх, агаар, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдэх хэрэгтэй. Мөн татварын орчныг таатай болгож, өрхийн бизнесийг дэмжиж, хавдрын эсрэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эмнэлэг сургуулиа бариач гэдгийг иргэд ярьж шүүмжилж байна. Сонгогчдын боловсрол дээшилсэн байхад улс төрчид бид дүлий оргиод шийдэл гаргахгүй байж болохгүй ээ. Тийм учраас бидний зүгээс шийдэл гаргахаар санал болгож байна. Мэдээж УИХ-ын гишүүдийн хэрэгжүүлж байгаа ажлуудаас иргэдийн сэтгэлд нийцэж байгаа маш олон төсөл хөтөлбөрүүд байгаа гэдгийг дурдах хэрэгтэй.
Миний бие дүүрэгтээ хавдрын эсрэг довтолгоо аяныг хэрэгжүүлж байна. Хүүхэд залуучуудыг зөв төлөвшилтэй болгох "Эх орон 36" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь иргэдэд таалагдаж, хүрч энэ ажлуудыг сайн хийх хэрэгтэй гэсэн зүйл их ирж байна.
Нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш. Ер нь юм тараах нь сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саат тотгор болж байгааг хүн бүр хэлж байгаа. Бусад УИХ-ын гишүүдээ бидэнтэй нэгдэж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг асуудлыг дэмжээч ээ гэж уриалж байна" гэв.