“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг. Тэд авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэдэг байна. 2021 оны дүнг өчигдөр дэлхий нийтэд зарлав.
Үнэлгээгээр 180 орны авлигын төсөөллийн индексийг боловсруулжээ. 56 улс орон 50-аас дээш оноо авч, индексийн дүнгээр Монгол 2021 онд 35 оноо авч 180 улс орноос 110 дугаар байрт эрэмбэлэгдэж, өнгөрсөн жилээс нэг байраар урагшилсан байна.
“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас улс орны сүүлийн 10 жилийн үнэлгээг нэгтгэн дүгнэсэн бөгөөд Монгол Улс нь авлигатай тэмцэх орчныг шинэчлэн байгуулахаар тодорхой онцлох эерэг арга хэмжээг авч байна гэж дүгнэжээ. Мөн бүс нутгийн орнуудаас хамгийн анх Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, шүгэл үлээгчийг хамгаалах, сэтгүүлчийн мөрдлөг хийх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг сайшаажээ.
Монгол Улсын индексийг тооцоход найман эх сурвалж ашигласан. Дэлхийн эдийн засгийн форумын Үзэл бодлын судалгаа, Дэлхийн эрх зүйн төслийн Хууль дээдлэх ёсны индекс тус тус өссөн байна.
“Транспэрэнси Интернэйшнл” төрийн бус байгууллагаас дэлхийн улсуудад хандаж “албан тушаалтанд хариуцлага тооцох эрх мэдлийг хангах”, “Албан тушаалтныг хянах эрх бүхий байгууллагын бүрэн эрхийг сэргээх”, “Үндэстэн дамнасан авлигын үйлдэлтэй тэмцэх”, “Төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах” зөвлөмж өгчээ.
Авлигын төсөөллийн индекс нь нэгдмэл аргачлал бүхий бие даасан судалгаа биш, харин дэлхийн 180 гаруй орныг хамруулан АНУ, ХБНГУ, Их Британи, Швейцар, Хонконгт үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг сонгон, тодорхой аргачлалаар индексийг тооцон 0-100 онооны хооронд тодорхойлдог. 0 оноо нь өндөр авлигатай, 100 оноо нь цэвэр юм.