Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дараах мэдэгдлийг гаргалаа.
Улс төрийн эрх мэдэл болон төрийн шийдвэр гаргах түвшний мэдээлэлд ойр давуу талаа ашиглан Засгийн газрын банк болох Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч улмаар тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улс төрч, бизнесмен, компаниудын талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж буй нь хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан чөлөөт хэвлэл бүхий улс оронд зүй ёсны үйл явдал билээ.
Улс орон, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн дээрх сэдвээр бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байна.
Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, цагдаагийн байгууллага шалгахыг шаардах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийлж байна.
Улс төрийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн эсрэг урвуулан ашигладаг аливаа үйлдлийн эсрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүй ёсны дуу хоолой, үзэл бодол, мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, цаашлаад сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ