Эерэг хандлага фэйсбүүк группээс санаачлан өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй болон гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдийг дэмжих зорилготойгоор "Хүмүүн" цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тус группээс талбайн түрээсийг эдгээр иргэдээс авахгүй дэмжиж байгаа юм. Энэхүү үзэсгэлэн худалдаа 30-ыг хүртэл үргэжлэх юм байна.
Энэ талаар үзэсгэлэн зохион байгуулагч Б.Уянга "Гарааны бизнес эрхлэхэд хөрөнгө хүч нь хүрэлцэхгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийг төлөөлсөн хүмүүсийг нэгтгэж ийм үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа. Эдгээр хүмүүстэй туслаад талбайн түрээс авахгүйгээр нэгдүгээр сарын 30-ыг дуустал менежментийн зардлаараа үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулж байна" гэв.
"Миний хувьд эсгий тавчик хийдэг. Гэрээрээ бизнес эрхэлдэг. 7-8 жил хийж байна. 20-иод хүн оролцсон үзэсгэлэн байгаа" гэж Б.Ариунтуяа эсгий урлаач хэлсэн юм.
Мөн “Өрхийн үйлдвэрлэл” эмэгтэйчүүдийн төлөөлөл Л.Саруулзаяа "Энэ үзэсгэлэнд манайх эсгий урлалаар оролцож байгаа. Ээжүүд маань хүүхдээ харах хугацаандаа ямар нэгэн хөдөлмөр эрхлэх шаардлагатай болдог. Тийм учраас эсгий урлалыг сонгоод урлаж байгаа бүсгүйчүүдийн бүтээл байгаа. Цагаан сарын үзэсгэлэнд дандаа гар урлаачдийн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд. Сая хил хаагдахад үндэсний үйлдвэрлэл ямар хэрэгтэй вэ гэдгийг хүн болгон мэддэг болсон. Бид эко бүтээгдэхүүнүүдээ хүмүүст таниулах, бэлгэнд сонгуулах бэлгийн багц гаргасан.
Үндэсний үйлдвэрийн, ээжүүдийнхээ хийсэн бүтээлүүдийг дэмжиж худалдан авалт хийгээрэй гэж хүмүүсдээ хэлмээр байна" гэлээ.