Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах Ажлын хэсгээс мэдээллээ. Ажлын хэсгээс Замын-Үүдийн чингэлгийн тээвэр саадгүй үргэлжилж байна. Одоогоор халдвар хамгаалал, зохион байгуулалттай холбоотой асуудал үүсээгүй тэнд ажиллаж буй олон хүний хувь нэмэр гэдгийг онцоллоо.
Албаныхан өнөөдрийн байдлаар 767 чингэлэг улсын хилээр нэвтэрсэн. Үүнийг оруулж ирэхэд 587 тээврийн хэрэгсэл ашигласан. Ачааны 60 хувийг барилгын материал эзэлж байгааг хэлэв.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Гаалийн бүрдүүлэлттэй холбоотойгоор гаалийн цэг 08:00-00:00 цаг хүртэл ажиллаж байна. Өглөө 08:00-17:00 цаг хүртэл ачаа хүлээн авч байгаа хүмүүс ерөнхийдөө сийрэг байдаг. Харин 17:00 цагаас эхлээд ачаалал ихээхэн нэмэгдэж байна. Иймд эртхэн гаалийн бүрдүүлэлтээ хийхийг уриалж байна. Учир нь гаалийн хяналтын талбай, түгээлтийн талбай нь тодорхой хязгаартай.
Гаалийн хяналтын талбай нь 40 тоннын 80 чингэлэг, түгээлтийн талбай нь 40 тоннын 40 чингэлэг багтаах боломжтой. Тиймээс талбайн зохион байгуулалт, гаалийн үйл ажиллагаа, түгээлтийг хооронд нь уялдуулах шаардлагатай байна" гэлээ.