“Бөх бол төр” гэлцэх болсон. Тэгвэл “Цагдаа бол төр, цагдаа бол судлаач юм” гэж өлхөн хэлэгдэх цаг үед бид амьдарч байна.
Учир нь юу гэвээс УОК-ын эрдэмтэн судлаачдын багийг тэд удирдан, бүр дархлаа судлаачдынх нь өмнөөс судалгаа хийж, өдгөө хийсэн үр дүн нь амьдрал дээр биеллээ олохын сацуу зах зээлд нийлүүлэхэд бэлэн болжээ.
Өөрөөр хэлбэл 0-11 насны хүүхдүүдэд тарихаар төлөвлөсөн ч “асуудалтай” учир Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өдгөө түр хориглосон цар тахлын эсрэг иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийн нэвтрүүлэх судалгааг УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн дарга, хурандаа Ж.Амгалан анх хийсэн аж. Учрыг эхнээс нь ухвал…
“ЦАГДААГИЙН ДАРГА” ЭРДЭМТДИЙГ УДИРДДАГ
Одоогоос жил орчмын өмнө буюу 2021 оны тавдугаар сарын 02-нд Монгол улсад коронавирусын халдвар галзуурч, төрөөс хатуу хөл хориог тавьсан тэр үед Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы “Эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” тушаал гарчээ.
Уг тушаалд “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай” гэсэн байна.
Энэхүү тушаалын дагуу өмнөх зөвлөлийг татан буулгаж, дараах нэр бүхий 20 хүнийг шинээр бүрдүүлж, эрдэмтдийн зөвлөлийн даргаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгаланг томилсон аж. Тухайлбал,
УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДЭРГЭДЭХ ЭРДЭМТДИЙН БҮРЭЛДЭХҮҮНД:
Эрдэмтдийн зөвлөлийн дарга: Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Амгалан
Нарийн бичгийн дарга: Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр
Эрдэмтдийн зөвлөлийн гишүүд:
· П.Нямдаваа (Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич)
· Э.Тэмүүлэн (ХӨСҮТ-ийн Сүрьеэ тандалт судалгааны албаны тархвар судлаач, доктор)
· Э.Эрдэнэчимэг (ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн)
· О.Ариунтуяа (ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн)
· Д.Мандахнаран (АШУҮИС багш, доктор)
· О.Машбат (Тагнуулын ерөнхий газрын ажилтан, хурандаа)
· О.Мөнх-Эрдэнэ (МУИС хууль зүйн сургуулийн багш, доктор)
· Т.Бэгзсүрэн (МУИС-ийн физикийн тэнхимийн судлаач, доктор)
· Б.Болдбаатар (Мал эмнэлэг хүрээлэнгийн Вирусологийн лабораторийн эрхлэгч, доктор)
· Д.Нарантуяа (НЭМҮТ-ийн захирал, доктор)
· Т.Оюунбилэг (НЭМҮТ-ийн зөвлөх)
· Э.Оюунсүрэн (ЭМЯ-ны Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан мэргэжилтэн)
· Б.Сувд (НЭМҮТ-ийн албаны дарга, доктор)
· Б.Цолмон (ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач)
· Г.Гантунгалаг (ХӨСҮТ-ийн ТТССАлбаны мэргэжилтэн)
· Б.Дуламрагчаа (ХӨСҮТ-ийн тархвар зүйч судлаач)
· Д.Гэрэлмаа (ХӨСҮТ-ийн тархвар зүйч судлаач)
· С.Чандмань (Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач) нар багтаж байгаа аж.
Ийнхүү томилогдсоныхоо дараа тэд цар тахлын үеэр хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 13 судалгааг 17 хоногийн хугацаанд хийсэн байна.
Цухасхан дурдвал,
· "Иммуноглобулины хэрэгцээ шаардлага, үйлдвэрлэх боломж"-ийн судалгааг – Хурандаа Ж.Амгалан
· “Бага насны хүүхдүүдийг вакцинжуулах тооцоолол” – Б.Сувд
· “Жирэмсэн болон хөхүүл хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулах судалгаа – Г.Гантунгалаг, Г.Цогзолмаа
· “12-15 насны хүүхдэд Пайзер үйлдвэрийн вакцин хийлгэх судалгаа” -Б.Цолмон
· “Монгол улсад ковид 19-ын эсрэг вакцин үйлдвэрлэх судалгаа” – Д.Нарантуяа, Э.Оюунсүрэн
· “Монгол улсад ковид 19-ын эсрэг дархлаажуулалтын тарилга, вакцин бэлтгэх боломж судалгаа” – Ж.Оюунбилэг нар хийж гүйцэтгэн ажлын урамшуулал болох 1.5 сая төгрөгийг авчээ.
“Эрдэмтэн судлаачид багаар ажиллан цаг үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нотолгоонд суурилсан санал зөвлөмжүүдийг УОК-т хүргүүлэн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэн ажилласан” гэж УОК-ын дэргэдэх Эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 27-ны ажлын товч тайланд дурдсан байна.
Өөрөөр хэлбэл тэрхүү судалгаанууд нь өнөөгийн Улсын онцгой комиссын шийдвэр, үйл ажиллагаанд тусгалаа олохын сацуу хүүхдэд тарихаар зэхэж байсан, хүний биед B, C вирус тараах эрсдэлтэй гэгдэх иммуноглобулин бэлдмэлийг үйлдвэрлэх ажлын суурь болсон гэхэд хилсдэхгүй юм.
ЭРДЭМТДИЙГ АХАЛЖ, ДАРХЛАА СУДЛААЧДЫГ АЖИЛГҮЙ БОЛГОСОН Ж.АМГАЛАН ХУРАНДАА ГЭГЧ ХЭН БЭ?
Тэрбээр галт зэвсэг ашиглалтын инженер, хуульч, төрийн удирдлага-үндэсний аюулгүй байдлын стратегич мэргэжилтэй бөгөөд Цагдаагийн хурандаа, Хууль зүйн болон цэргийн шинжлэх ухааны магистр, Аюулгүй байдлын дэд доктор, профессор цолтой.
Эрхэлж байсан ажил, албан тушаалын хувьд:
1991-1992 онд Цагдаагийн ерөнхий газрын төв байрны жижүүр
1992-1999 онд Дотоодын цэргийн штабт зэвсэг хариуцсан оффицер
1999-2004 онд Дотоодын цэргийн штабын АЗХХН-н ахлах оффицер
2004-2008 онд Дотоодын цэргийн штабын хамгаалалт бэлэн байдал хариуцсан орлогч дарга
2008-2011 онд Дотоодын цэргийн штабын харуул хамгаалалтын хэлтсийн дарга
2011-2014 онд Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд хэлтсийн дарга
2014 онд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын дарга
2014-2015 онд ОХУ-ын Жанжин штабын академийн аюулгүй байдлын дээд курст судлаач-сонсогч
2015-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт батлан хамгаалах, хууль сахиулах салбарын асуудал хариуцсан ахлах рефферент
2017 онд Дотоодын цэргийн штабт орлогч, харуул, хамгаалалтын хэлтсийн дарга
2017-2020 онд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга
2020 оны долдугаар сарын 30-ны өдрөөс Цагдаагийн газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Дээрх намтраас дүгнэвэл Ж.Амгалан хурандаа цагдаа болоод дотоодын цэргийн албанд бүхий л нас, эрдэм мэдлэгээ зориулан ажилласан нь илт байна. Харин салбартаа оюуны хүчээ дайчлах гарамгай дайчин хүн өнөөдөр юуны учир УОК-ын эрдэмтдийн зөвлөлийг удирдаж, бас дархлаа судлаачдын хийх ёстой ажлыг орлох болов?
Монгол улс цагдаагийн хурандаагаас өөр цар тахлын эсрэг био бэлдмэл, вакцинаа судлах эрдэмтэн судлаачгүй болсон гэж үү?!
УОК-ООС АСУУЯ! Дэлхий нийтээр татгалзах болсон иммуноглобулин цус цусан бүтээгдэхүүнийхээ судалгааг яагаад дархлаа судлаач эрдэмтдээрээ хийлгээгүй вэ?
Сэтгүүлч Г.Одгарав