Хятад залуус, ялангуяа эмэгтэйчүүд боловсрол, ажил мэргэжлийг чухалчлан үздэг нь эрх баригчдыг "хүн ам зүйн цагийн бөмбөг"-тэй удахгүй тулгарна гэсэн болгоомжлолыг төрүүлж эхэлжээ. Шинэ он гарсан даруйд Хятадын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг 2000 онд төрсөн Хятад залуус гэрлэх насанд хүрсэн гэдгийг сануулсан видео нийтэлжээ.
2000 онд мэндлэгсэд гэрлэх насанд хүрсэн тухай хаштаг Weibo-ийн хамгийн алдартай сэдвүүдийн жагсаалтад хурдан нэмэгдсэн хэдий ч залуусын дийлэнх нь үүнийг засгийн газраас тэдэнд дарамт үзүүлэх гэсэн оролдлого гэж дүгнэж байгааг сэтгэгдлүүдээс харж болно. "Өнөө үед хэн гэрлэж зүрхлэх вэ? Бид мөнгө олох шаардлагагүй гэж үү?" гэхчилэн уг сэдвийг шүүмжилсэн сэтгэгдлүүд олон байгаа аж.
Хятадын хууль тогтоомжийн дагуу эрэгтэйчүүд 22, эмэгтэйчүүд 20 насанд хүрмэгц гэрлэх эрхтэй болдог. Хятадын Засгийн газар сүүлийн жилүүдэд Хятад хосуудыг хүүхэдтэй болохыг дэмжих оролдлого хийж байсан ч хүн амын өсөлтийн хурд сүүлийн 61 жилийн доод түвшинд хүрч, төрөлт 2021 онд нас баралтын тоо бараг даваагүй гэдгийг статистик баримт харуулжээ.
Лондонгийн Кингс коллежийн “Лау” хэмээх Хятад судлалын хүрээлэнгийн ахлах багш, доктор Е Лиу "Хятад залуусын гэрлэлтэд хандах хандлага нь Бээжингийн хүн ам зүйн хямралыг өөрчлөх хүчин чармайлтад томоохон аюул учруулж байна" гэж дүгнэв. Боловсролын түвшин жилээс жилд өндөрсөж, эдийн засгийн өсөлттэй зэрэгцэж буй нь ирэх жилүүдэд илүү том толгойн өвчин болно" гэж доктор Лау хэлжээ.
Калифорнийн их сургуулийн социологийн профессор Ван Фэн “1990-ээс 2015 оны Хятадын хүн амын тооллогын мэдээллийг харьцуулан үзэхэд 20-иод насны гэрлээгүй хятад эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн 25 жилийн хугацаанд найм дахин өссөн” гэдгийг онцолжээ. 2000-2010 оны хүн амын тооллогын мэдээллээс үзэхэд коллежид боловсрол эзэмшсэн 25-29 насны хятад залуус ганц бие байх магадлал өндөр байна. Мөн Хятадын өндөр хөгжилтэй хотуудын эмэгтэйчүүд гэрлэх хүсэл эрмэлзэл багатай болсон аж.
Сүүлийн жилүүдэд хүн амын өсөлт буурч байгаа нь эрх баригчдыг улам түгшээж байна. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Бээжин олон арван жил үргэлжилсэн нэг хүүхдийн бодлогыг 2015 онд цуцалж, өнгөрсөн тавдугаар сард гурван хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин Бээжингээс авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого нь "эр хүний" бодлого бөгөөд өнөөгийн Хятадын Z үеийнхэнд тулгарч буй бодит байдлаас "тасарсан". "Тэдний хүсч байгаа зүйл бол ажил мэргэжил, гэр бүл, өөрийгөө өөрчлөх, өсч дэвжих боломж юм. Эдгээргүйгээр тэднийг эхлээд хүүхэдтэй бол гэж ятгахад хүнд байх болно гэж доктор Лау онцлон анхааруулжээ.
Z үеийн хятад эмэгтэйчүүд өмнөх үеийнхнээсээ илүү боловсролтой. Тэд их дээд сургуульд суралцаж байгаад гэр бүл болохоос илүүтэй карьераа урьтал болгодог. Харамсалтай нь бодит байдал дээр Хятад эмэгтэйчүүд улс төр, эдийн засгийн эрх мэдэлд "нэлээн доогуур төлөөлөлтэй" хэвээр байгаа билээ.
Висконсин-Мэдисоны их сургуулийн эрдэмтэн мөн "Хоосон үүртэй том улс" номын зохиолч, засгийн газраас нөхцөл байдлыг намжаахын тулд бодитой арга хэмжээ авах боломжтой гэж хэлэв. “Жишээ нь, хятад залуусыг ажлын байраар хангах, амьжиргааны өртөг, тухайлбал үл хөдлөх хөрөнгийн өртөг зэрэгт туслах, залуу хосуудад хүүхэд өсгөхөд нь хялбар болгох гэхчилэн бодитой дэмжлэг үзүүлж, таатай нөхцлийг бүрдүүлбэл хүн ам зүйн тэсрэх бөмбөг-нөөс айх хэрэггүй болно. Залуус өөрсдөө гэр бүлийг нэгдүгээрт тавьж эхлэх нь дамжиггүй” гэж дүгнэжээ.