Сөүл хотын зөвлөлийн гишүүн нохойн махны хэрэглээг хориглох урт хугацааны төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хуулийн төсөл болгожээ.
"Тэжээвэр амьтдыг гэр бүлийн нэг хэсэг гэж үзэх соёл нь дэлхий даяар нэгэнт чиг хандлага болсон" гэдгийг эрх баригч Ардчилсан намын зөвлөлийн гишүүн Ян Мин Гю хэлээд Сөүл хот малын аж ахуйг сайжруулах, энэ асуудлыг олон нийтэд сурталчлах тал дээр ажиллах ёстой хэмээн онцолсон байна.
Солонгосчуудын хувьд нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь олон зууны өмнөөс уламжлагдан ирсэн “соёл” төдийгүй маргааны төвд байсаар ирсэн асуудал юм. Өмнөд Солонгосын Амьтныг хамгаалах тухай хууль нь нохой, муурыг хэрцгийгээр нядлахаас урьдчилан сэргийлэх зорилготой боловч нохойн мах хэрэглэхийг хориглодоггүй.
Сүүлийн жилүүдэд гэрийн тэжээвэр амьтан тэжээдэг хүмүүсийн тоо огцом нэмэгдсэнээр нохойн махыг хүнсэндээ ашиглах асуудалд олон нийт анхаарлаа илүүтэй хандуулах болжээ. 2020 оны байдлаар Өмнөд Солонгос улсын хэмжээнд нийт 6.38 сая өрх тэжээвэр амьтантай гэсэн судалгааны дүн гарсныг хууль санаачлагч Ян иш татсан байна.
Нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг хориглох тухай хуулийн төслийг ирэх сард болох Сөүл хотын зөвлөлийн чуулганаар хэлэлцэж магадгүй гэнэ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Даваа гарагт засгийн газар нохойн мах хэрэглэхийг албан ёсоор хориглох асуудлыг авч үзэх шаардлагатай байгааг онцолсон юм. Хаягдсан тэжээвэр амьтдыг арчлах тогтолцоог сайжруулах засгийн газрын төлөвлөгөөний талаар Ерөнхий сайдад танилцуулах үеэрээ Ерөнхийлөгч ийм мэдэгдэл хийсэн гэж тэр хэлэв.
Өмнөд Солонгост хоол хүнсэндээ зориулж зарим үүлдрийн нохой зориудаар тэжээж, өсгөдөг газрууд цөөнгүй бий.
Солонгосын Амьтны эрхийн өмгөөлөгчдийн тэргүүн Жон Жин Кён Ерөнхийлөгч Мүүнийн мэдэгдлийг сайшаан "Өмнөд солонгосчууд нохойн мах хэрэглэхийг уламжлал гэхээсээ илүүтэй амьтдын хүчирхийлэл гэж үзэж байна" гэжээ. Харин нөгөө талд нохойн махыг хүнсэнд хэрэглэхийг дэмжигчид ард түмэн юу идэхээ сонгох эрх чөлөөтэй байх ёстой гэсэн байр суурь илэрхийлцгээж байгаа юм. "Хүнсэн хэрэглэхээр тэжээгддэг нохойнууд нь 35 кг-аас 80 кг хүртэл жинтэй байдаг. Эдгээр нь гэрийн тэжээвэр амьтдаас өөр орчинд өссөн өвөрмөц үүлдрийн төрөл" гэж нутгийн нохой өсгөгчдийн бүлгийн төлөөлөл Чо Хван Ро хэлжээ.
Хэдий маргаантай сэдэв ч гэлээ дэлхий дахинд хүний сайн нөхөр болсон, гэрийн тэжээвэр нохойг хүнсэнд хэрэглэх нь Өмнөд Солонгосчуудыг дэлхий нийтэд сөргөөр харуулж буй гэдгийг харгалзан үзэж аль болох эртнээс энэ муу нэрнээсээ салах нь зүйтэй гэдэг дээр тус улсын иргэдийн дийлэнх нь санал нэгдэж байгаа аж.
Эх сурвалж: Yonhap news agency