Сурагчдын 45 хоногийн амралт дуусч, цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын 07-нд хичээл эхэлнэ. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Эрдэмтдийн зөвлөл, ХӨСҮТ-өөс сурагчдын хичээл эхлэх хугацааг 14 хоногоор сунгаж, цахимд шилжүүлэх санал гаргасан. Уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.
Энэ талаар Улсын онцгой комиссын мэдээлснээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн үйл ажиллагаатай холбоотой хувилбаруудаа боловсруулж хүргүүлсэн байгаа аж. Тус комиссын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс хэлэлцэж шийдвэрээ гаргана. Үүний дараа нэгдсэн мэдээллийг өгнө” гэлээ. Мөн Боловсрол шинжлэх ухааны яамны өгч буй мэдээллээр өнөөдөр хичээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөлийн ажлын хэсгийнхэн хэлэлцэх юм байна.
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөлөөс цагаан сарын дараа танхимын сургалтыг эхлүүлэх нь хүүхдүүд халдварт өртөх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Иймд цахимаар хичээллүүлэх саналтай байгааг илэрхийлсэн. Харин Шадар сайд С.Амарсайхан “Ямар ч тохиолдолд хүүхдийн хичээлийг хоцрогдуулахгүй байхаар шийдвэрлэнэ” гэдгийг өмнө нь хэлсэн билээ.