Орон сууцны байр мөргөсөн зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Тодруулбал, өчигдөр 13:00-14:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо "КН" хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн осол гарсан.
Тус мэдээллийн дагуу дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор зогсоолд машинаа байрлуулахдаа арааг нь зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж, зогсоох арга хэмжээ авахдаа хаазаа андуурсны улмаас орон сууцыг мөргөсөн байна. Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарчээ.
Иймд жолооч нар тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлыг хангаж, сайтар шалгахыг анхаарууллаа.