Туркийн шүүхээс нэрт сэтгүүлч Седеф Кабасыг улсынхаа ерөнхийлөгчийг доромжилсон хэмээн саатуулах шийд гаргалаа. Сэтгүүлч Кабас өнгөрсөн бямба гарагт Истанбул хотод баривчлагдсан бөгөөд шүүх хурал болохоос өмнө түүнийг шоронд хорих шийдвэр гаргажээ.
Сэтгүүлч телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр Ерөнхийлөгч Эрдоганыг онилсон зүйр үг хэлсэн нь ийнхүү торны цаана суух шалтгаан болжээ. Тэрээр энэ буруутгалыг үгүйсгэж байгаа ч 1-4 хүртэл жилийн хорих ял сонсож магадгүй болоод байна. Сэтгүүлч Ерөнхийлөгчөө "Титэм зүүсэн хүн ухаалаг болдог" гэх зүйр үг бий. Гэхдээ энэ нь худлаа гэдгийг бид харж байна" гэжээ. Ерөнхийлөгч Эрдоганы хэвлэлийн төлөөлөгч Фахреттин Алтун түүний тайлбарыг "хариуцлагагүй" гэж мэдэгдээд “Сэтгүүлч гэгдэх хүн үзэн ядалт түгээхээс өөр зорилгогүй телевизийн сувгаар манай ерөнхийлөгчийг илт доромжилж байна гэжээ.
Ерөнхийлөгч Эрдоган ерөнхийлөгч болсноосоо хойш олон мянган хүнийг өөрийг нь доромжилсон хэргээр буруутгаж, зөвхөн 2020 онд түүнийг шүүмжилсэн хэрэгт холбогдсон 31,000 гаруй хүнд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэж Ройтерс агентлаг мэдээллээ.