Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан Засгийн газар ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагыг хүргүүллээ.
Иргэн Г.Хажидмаа: Өнөөдөр Монголд юмны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, хил гааль хаалттай, иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтсоор байхад тэтгэвэр, тэтгэмж, халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөсөр хаясаар олон жилийг өнгөрөөж байна.
Ийм өндөр төсөв баталсан он жилүүд сүүлийн жилүүдэд байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настай иргэддээ дээрэлхүү хандаж байгаа төр засаг үнэхээр ийм байж болохгүй ээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын бодлого маш буруу явагдаж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан асуудлуудаа ерөөсөө шийдэхгүй, иргэдийнхээ амьжиргаа руу гар дүрдэг. Цагдаа нараар нь хууль хяналтын байгууллагын ажлыг нь хийлгэхгүй мөртлөө айлын бараг авдрыг ухах нь холгүй ажил хийлгэж байна. Тийм учраас өнөөдөр монголын төр оффшор болон ЖДҮ авсан монголын банкуудыг дампууруулаад байгаа төрөөс олон тэрбумаар нь луйвар хийсэн төрийн түшээдтэйгээ дайн зарлах ёстой. Улсынхаа төсвийг татаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод ахмад настай иргэдийнхээ амьжиргааг нэн яаралтай дэмжих шаардлагатай. Өнөөдөр дахиж шаардлага өгөхөөр би ирсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та, нас биед хүрсэн төр удирдаж байгаа хүний хувьд хүүхэд наснаасаа салж, худал хэлэхээ больж, хөшөө барьж нурааж тоглохоо зогсоохыг шаардаж байна. Өнөөдөр Монгол Улс шиг ахмадууд нь 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг улс орон үгүй. Иймд ахмадуудын тэтгэврийн доод хэмжээ амьдрах нөхцөлд нь илтэд хүрэлцэхгүй байгаа тул тэтгэврийн доод хэмжээг нэг сая, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 188 төгрөгийг 500 мянгад хүргэж иргэдийн амьдралд нөлөөлөх ажил санаачилж ажиллахыг шаардаж байна. Жич шаардлагын хариуг 2022 оны нэгдүгээр сарын 26-нд өгнө үү. Үгүй бол үүгээр суулт зарлахаа мэдэгдэж байна.