Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой өчигдөр утсаар ярьжээ. Энэ хүрээнд уг төслийн, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг зохион байгуулах болсон тухай Оросын тал мэдэгдсэн байна.
Мөн ирэх долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийхээр болов. Энэхүү уулзалтаар, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж Монгол Улсын газар нутгийг дайруулан Хятад руу тавигдах хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэснийг баталгаажуулах Протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэхээр хоёр тал тохирсон байна.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан Хятад руу тавих байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсад ирж ярилцлага, сурвалжилга бэлтгэх аж. Мөн "Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах болсон тухай "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов Шадар сайдад дуулгажээ.
ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ өнгөрсөн оны 12 сард эцэслэсэн билээ. Уг төсөл нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахуйц төсөл бөгөөд төслийн хууль эрх зүйн орчин, геодизийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааг хийж байгааг өмнө нь мэдээлж байсан билээ.