Ковидийн халдвар аваад эдгэрсний дараа цус өтгөрч байгаа эсэх талаар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чинбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрээр "Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсний дараа цус өтгөрч, судас бөглөрч байгаа. Гэхдээ ямар ч өвчний үед хүн өөрөө мэдэж, өөрийгөө эмчилж болохгүй. Танд ямар нэгэн зовуурь, шаналгаа, эмнэл зүйн шинж тэмдэг байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг нь оношлуулаад эмчилгээ хийлгэнэ. Цус өтгөрч байна гээд цус шингэлэх үйлчилгээтэй эмүүдийг хамаа замбараагүй хэрэглэж болохгүй. Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэснээр эсрэг үр дүн, хүндрэлүүд гарч болно.
Ер нь цусаа шингэн байлгая гэвэл амьдралын эрүүл хэв маягийг баримтална. Шингэн хангалттай уух тодруулбал, насанд хүрсэн хүн дор хаяж 2.5 литр шингэн юм уугаарай. Мөн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж цусаа эргэлтэд оруулах хэрэгтэй. Мөн дасгал хөдөлгөөн хийгээрэй. Үүнээс гадна зайлшгүй шаардлагатай бол эмчийн зөвлөснөөр цус бүлэгнэлтийн эсрэг эмийг хэрэглэнэ" гэв.