АПУ ХК нь “Шилээ дахин амьдруулъя” төслийн үргэлжлэл болгон шилний хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах хэрэглээний хэв маягийг бүрдүүлэх зорилгоор хувийн секторын манлайллаар системийн хэмжээний өөрчлөлт бий болгохын төлөө харилцагч, хэрэглэгч, түгээлт, тээвэрлэлтийн байгууллага гэх мэт бүхий л оролцогч талуудыг хамарсан, бүх талуудад эдийн засгийн өгөөжтэй байх системийг бүрдүүлсэн “Чи чадна” төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсад хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт, тээвэрлэлтийн систем олон улсын стандартад хүрээгүйн улмаас шилний хог хаягдал томоохон асуудал хэвээр байна.
АПУ компани уг асуудалд шийдэл олох хүчин чармайлтаа эрчимжүүлж хэрэглэгчдийн дунд хог хаягдлыг багасгах, улмаар дахин хэрэглээний соёлыг бий болгох замаар хэрэглэгч, харилцагч дэлгүүр, зоогийн газар, агент, тээврийн компани, СӨХ, усны худгийн цэг зэрэг талуудтай хамтран бүтээгдэхүүний шилээ эргүүлэн татаж байгальд бий болж буй шилний эмх замбараагүй хаягдлыг бууруулахыг зорьж байна.
Бид энэ удаад 11000 гаруй харилцагч дэлгүүр, байгууллагууд, шил цуглуулах агент, СӨХ, усны худгийн түгээлт, тээвэрлэгч компаниуд, худалдааны төлөөлөгчдөөрөө дамжуулан бүх оролцогч талууд өгөөж хүртэх үнийн бодлого баримтлан харилцагчдад чиглэсэн шаталсан урамшуулалтайгаар шил татан авах ажиллагааг зохион байгуулж системийн хэмжээний олон талт хамтын манлайллын аргачлалаар уг төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Аливаа шилийг ангилан ялгаж, байгальд шууд хаяхгүйгээр дахин ашигласнаар түүхий эд, орц найрлагад орох байгалийн нөөц баялгийг хэмнэх, шилний импортын хамаарлыг багасгаж, хил гаалийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулах, улмаар шил шинээр үйлдвэрлэхээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах зэрэг олон талын нийгэм, эдийн засаг, байгаль экологийн давуу талыг бий болгож байна.
Эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхнийг уг санаачлагыг дэмжин АПУ ХК-ийн төсөлд хамаарах бүтээгдэхүүний шилээ өөрт ойр харилцагч дэлгүүр, агент, төвүүдэд эргүүлэн тушааж байгальд ээлтэй хэрэглээг бий болгох ажилд үлгэрлэн манлайлахыг уриалж байна.
Эх дэлхийгээ мөнхөд ногооноор нь хайрлая.