Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ.
Энэ дагуу өнөөдөр ээлжит мэдээллээ хийв. Мэдээллийн эхэнд ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга улсын хилээр орж ирсэн ачаа барааны талаар танилцууллаа.
Тэрбээр "Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд өнөөдөр 10 дахь хоног дээрээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр, 549 чингэлгээр, 9157 мянган тонн ачааг улсын хилээр нэвтрүүлээд байна. Өчигдрийн байдлаар 994 мянган тонн ачааг улсын хилээр 57 чингэлгээр нэвтрүүлжээ.
Ерөнхийдөө Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа нэлээд зүгшрээд хэвийн байдалдаа орох найдлагатай болсон" хэмээв.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэлийг өгч байгаа. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч нар хэрхэн ажиллах вэ гэдэг талаар асуудаг. Дундын тээвэрлэлтэд жолооч нар хүндэтгэлтэй хандана гэдгээ илэрхийлсэн. Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд жолооч нар оролцох боломжтой.
Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан" гэв.