Коронавирусийн омикрон хувилбарын халдвар нэмэгдэхийн хэрээр нийслэлийн хэмжээнд Өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн ачаалал мөн өссөн. Хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг анхан шатны байгууллага бол өрхийн эрүүл мэндийн төв. Иргэд ковидын шинж тэмдэг илэрсэн болон халдвар авсан даруйд хамгийн түрүүнд ӨЭМТ-д ханддаг. Тэгэхээр халдварын тоо нэмэгдэх бүрд ӨЭМТ-үүдийн ачаалал зэрэгцэн өссөөр байна.
Тиймээс Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-өөс сурвалжиллаа. Тус өрхийн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 3984 өрхийн 14728 хүн амд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна. Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, их эмч Б.Мөнхзул ярихдаа “Манай хорооны иргэдийн дунд 2021 оны арванхоёрдугаар сард халдварын тоо эрс буурч байсан. Өдөрт ойролцоогоор 5-10 хүн халдвар авч байсан бол нэгдүгээр сар гарснаас хойш өдөрт 50-60 хүн шинээр халдвар авч байна. Сүүлийн үед халдвар авч батлагдаж буй хүмүүсийн дунд хүүхдүүд цөөнгүй байна. Ачаалал эрс нэмэгдсэнээс үүдэн манай эмч, ажилтнууд ч халдвараар өвдөж байна. Зарим эмч нар 2-3 удаа давтан халдвар авсан. Өнөөдрийн байдлаар л гэхэд таван ажилтан өвдчихөөд байна. Тиймээс үлдэж буй цөөн эмч, ажилтнууд асар өндөр ачаалал үүрч байгаа. Түүнчлэн коронавирусийн халдварын хажуугаар томуу, томуу төст өвчин дэгдсэн. Томуу болоод ковидын халдварыг ялгахаас эхлээд асар ачаалалтай ажиллаж байна. Мөн иргэдэд утсаар зөвлөгөө өгч байгаа. Хөтөч сувилагч өдөрт хамгийн багадаа 50 удаагийн дуудлагад хариу өгдөг. Ахмад настан болон суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд 0-1 насны хүүхдийг эмнэлэгт хэвтүүлж байгаа. Баянзүрх дүүргийн тандалтын багийнхан ор зохицуулалтаа сайн хийж байгаа учраас яаралтай эмнэлэгт хэвтүүлэх хүмүүсийг өдөрт нь багтаан эмнэлэгт хэвтүүлж байна” гэлээ.
Мөн он гарсаар иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа аж. “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-д өдөрт 50-80 хүн нэмэлт дархлаажуулалт буюу III болон IV тунд хамрагдаж буй юм. “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-ийн вакцинатор сувилагч Г.Болормаа “Дархлаажуулалт үр дүн сайтай байгаа. Ялангуяа өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс вакцинд хамрагдсанаар өвдөхгүй байх, өвдсөн ч хөнгөн хэлбэртэй, зовуурь бага байна. Бүрэн тун буюу эхний хоёр тунд хамрагдсан хүмүүс 21-28 хоногийн дараа III тундаа хамрагдах боломжтой. Харин III тунгийн дараа гурван сар буюу 90 хоногийн дараа IV тунг хийлгэх боломжтой. Манай эмнэлгийн тухайд Фпайзер болон Вероселл гэсэн хоёр төрлийн вакцинаас сонгон хийлгэх боломжтой” гэлээ.
Өрхийн эмнэлгийн ачааллаас хөнгөлөх бодлогын хүрээнд “Амгалан итгэлэхүй” ӨЭМТ-д өчигдрөөс эхлэн нэг мэргэшигч эмч болон нэг сайн дурын ажилтныг ажиллуулж эхэлжээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан Ц.Лхагвасүрэн тус өрхийн эмнэлэгт сайн дураараа ажиллаж байгаа бөгөөд өмнө нь ч ковидын дайчилгаанд хамрагдаж байжээ. Тэрбээр “Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилтан бэлтгэж, ковидын хүндрэлийг даван туулахад тусалж байгаа. Тэдний нэг нь би. Бид сайн дураараа өрхийн эмнэлэг болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байна. Цар тахлын хүнд бэрх үед өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэсэн юм.
Тус өрхийн эмнэлгийн зүгээс халдвар авсан иргэдэд зориулж гурван төрлийн эмийн багц бэлтгэн өгч байгаа аж. Тодруулбал, 0-1 насны хүүхэд, 1-16 насны хүүхдүүд, насанд хүрэгчид гэсэн гурван төрлөөр эмүүдийг багцалж, иргэдэд өгч байгаа юм байна. Хоёр дахь удаагаа өвдсөн байсан ч эмийн багц олгож байгаа гэнэ. Одоогоор эмийн хүрэлцээ хангамж хэвийн байгааг онцоллоо.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС