Хонгконгийн эрх баригчид гэрийн тэжээмэл амьтад зардаг дэлгүүрийн ажилтан Ковид-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэсэн эрүүл мэндийн ажилтнуудын мэдэгдлийн дараа нэгэн аймшигт шийдвэр гаргалаа. Тэд амьтны дэлгүүрт зарагдаж байсан 2000 орчим орог зусаг, бусад мэрэгчдийг устгалд оруулах тушаал өгсөн байна.
"Little Boss" амьтны дэлгүүрийн орог зусгуудаас авсан 11 дээжээс Ковид-19-ийн дельта хувилбарын эерэг тохиолдол гарсан учир тус дэлгүүрийн ажилтны гол хавьтагчид нь дэлгүүрийн амьтад болж таарчээ.
Хэдийгээр эрх баригчид мягмар гарагт SARS-CoV-2 вирусийг тэжээвэр амьтдаас хүнд дамжуулдаг гэсэн нотлох баримт байхгүй гэж мэдэгдсэн ч нэгдүгээр сарын 7-ноос хойш “Little Boss”дэлгүүрт очсон үйлчлүүлэгчдийг хорио цээрийн дэглэмд хамруулахаар шийдвэрлэжээ. Мөн арванхоёрдугаар сарын 22-ноос хойш тус дэлгүүрээс худалдаж авсан мэрэгчдэдээ вирусийн шинжилгээ хийлгэхийн тулд эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг зөвлөв. Хэрэв амьтдын шинжилгээ эерэг гарсан бол эзэд нь хорио цээрийн дэглэмд хамрагдах ёстой гэнэ.
Худалдан авагчид болон зарагдсан мэрэгчдийн шинжилгээний хариу ямар гарахаас үл хамааран яг одоо амьтны дэлгүүрт байгаа 2000 орчим мэрэгчдийг устгах шийдвэрээ цуцлахгүй гэдгээ эрх баригчид хатуу мэдэгдсэн байна.
Үүгээр ч зогсохгүй орог зусаг зардаг бүх дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа зогсоохыг тушаажээ.
Нидерландаас оруулж ирсэн амьтнаас олдсон вирусийн геномын дараалал нь гэрийн тэжээмэл амьтдын дэлгүүрийн ажилтны вирустэй ижил болохыг харуулсан нь коронавирусын хувилбарууд амьтнаас хүнд халдварлах боломжтойг илтгэж буй юм.
Байгаль хамгаалах албаны ажилтан Томас Сит сэтгүүлчдэд "Бид бүх амьтдыг устгахыг хүсэхгүй байна. Гэхдээ бид нийгмийн эрүүл мэнд, мал амьтдын эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Бидэнд сонголт байхгүй. Бид шийдвэртээ тууштай хандах ёстой” гэжээ.
Энэ бол Хонгконгийн албаныхан хотын "Тэг-Ковид" арга барилын хүрээнд авсан хамгийн сүүлийн үеийн, хатуу арга хэмжээ юм.
Нийт 7.5 сая хүн амтай хотод омикрон хувилбарын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэний дараа баар, биеийн тамирын заалуудыг хааж, зоогийн газруудад оройн 18.00 цагт хоолны үйлчилгээг зогсоохыг тушаах зэрэг 2020 онд авч хэрэгжүүлсэнтэй ижил хязгаарлалтыг тогтоожээ.
АНУ, Их Британи зэрэг найман орны ирэх, очих бүх нислэгийг хориглож, албаныхан дэлхийн 150 орны агаарын тээврийн зорчигчдыг нэгэн цагт дэлхийн транзит тээврийн төв байсан Хонконгоор зорчихыг хориглов.
Тус хотод коронавирусы халдварын тохиолдол 13000, нас баралт 213 бүртгэгдсэн нь цар тахлын халдварын бүх ул мөрийг ямар ч үнээр хамаагүй таслан зогсоохын тулд ажиллаж байсан эх газрын Хятадтай ижил төстэй байгаа юм. Бээжин хот болон эх газрын хооронд хорио цээрийн дэглэмгүй зорчихыг сэргээхийг зөвшөөрнө гэж Хонгконг найдаж байгаа нь Хонконгийн олон бизнес, гэр бүлд чухал ач холбогдолтойгоос үүдэлтэй.