Чехийн дуучин Хана Хорка ковидийн халдвар зориуд аваад нас барсан гэж түүний хүү ВВС-д ярьжээ. 57 настай Хана Хорка вакцин хийлгээгүй байсан гэнэ. Тэрээр шинжилгээний хариу эерэг гарч эдгэрч байгаагаа олон нийтийн сүлжээнд нийтэлснээс хоёр хоногийн дараа нас баржээ.
Түүний хүү Ян Рек аавтайгаа хамт коронавирусийн халдвар авсан үед ээж нь зориудаар халдвар авчээ. Учир нь ковидийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс үнэмлэх аван тодорхой газруудад нэвтрэх боломжтой тул ийнхүү тэрээр зориудаар халдвар авчээ.
"Asonance" хамтлагийн гоцлол дуучин Хорка нас барахаасаа хоёр хоногийн өмнө "Удахгүй театр, саун, тоглолтод явах боломжтой болно" гэж бичсэн байна.
Дуучин эмэгтэй ням гарагийн өглөө ойр дотны хүмүүстээ бие нь сайжирч байна гэж хэлээд гадагш гарахаар хувцаслаж байв. Гэтэл гэнэт нуруу нь өвдөж, унтлагын өрөөндөө орж хэвтжээ. "Арван минутын дараа гэхэд бүх зүйл дууссан байсан. Ээж маань өөд болсон" гэж хүү нь ярьсан байна.
Хүү нь ээжийгээ вакцин хийлгэ гэж ятгаад дийлээгүй байна. Түүнд тохиолдсон эмгэнэлт явдал бусдад вакцинаа хийлгэх сэдэл өгөөсэй гэсэндээ "Бидэнд ямар нэг тоо, графикаас илүү хүний амьдралд тохиолдсон бодит явдал итгэл үнэмшил төрүүлдэг" гэж тэрээр хэлжээ.
БНЧУ-д лхагва гарагт ковидийн тохиолдлын тоо шинэ дээд цэгтээ хүрч, 10.7 сая хүн амд 28,469 тохиолдол бүртгэгдсэн байна.
Засгийн газар халдварын өсөлттэй тэмцэх шинэ арга хэмжээ авч, ажилчид болон сургуулийн сурагчдыг заавал шинжилгээнд хамруулсан. Шинжилгээ нь эерэг гарсан боловч шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тусгаарлах хугацааг 14 хоног байсныг тав болгож бууруулсан.
Лхагва гарагт Чехийн засгийн газар нийгмийн зарим хэсгийг заавал вакцинжуулах төлөвлөгөөгөө цуцална гэж мэдэгдэв. Учир нь сарын эхээр олон мянган хүн Прага болон бусад хотуудад үүнийг нэвтрүүлэхийг эсэргүүцсэн жагсаал хийсэн.
Бүгд Найрамдах Чех улсын нийт хүн амын 63 орчим хувь нь бүрэн вакцинд хамрагдсан бол ЕХ-ны хэмжээнд дунджаар 69 хувьтай байна.
Эх сурвалж: ВВC