Шри Ланкийн Засгийн газар энэ онд 7.3 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Өрөө хугацаанд нь төлөхгүй бол олон улсын зах зээлд тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ирээдүйд олон улсын зах зээлээс боломжийн хүүтэй мөнгө зээлэхэд хүндрэл учирч болзошгүй юм. Эцэст нь эдийн засгийн ноцтой уналтыг дагалдуулах юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард гадаад валютын гол эх үүсвэр болох гадаадын жуулчдын орлого тахлын үеэр багассан тул тус улсын гадаад нөөц түүхэн доод түвшиндээ буюу 1.6 тэрбум долларт хүрчээ. Гэвч Төв банк Хятадтай тохиролцсон 10 тэрбум юанийн (1.5 тэрбум ам. доллар) валютын своп хэлцлийг бууруулснаар жилийн эцсийн өсөлтөд хүрчээ.
Нэг удаагийн своп нь улсын нөөцийг нэмэгдүүлэхэд онц их ач холбогдолтой байж чадахгүй. Шри Ланкийн хамгийн том хот, арилжааны нийслэл Коломбогийн хувьд өр төлбөрөө төлөх эсвэл өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүнээ импортлон авах хоёрын аль нэгийг сонгох хүндхэн сонголттой тулгараад буй. Хоол хийх хий, хуурай сүү, түлш, эм гэх мэт бүх төрлийн хэрэгцээт зүйлийнхээ төлөө тэмцэж буй иргэдийнхээ хэрэгцээг золиослох уу гэдгийг Засгийн газар шийдэх юм.
Энэ сарын эхээр салбарын томоохон байгууллага болох Цейлоны Худалдааны танхимын удирдагчид засгийн газраас бондын төлбөрийг хойшлуулж, оронд нь хомс валютыг Шри Ланкийн иргэдэд хоол хүнс, эм тариа зэрэг нэн шаардлагатай зүйлсийг худалдан авахад ашиглахыг уриалсан.
Аж үйлдвэрийн байгууллагын дарга Виш Говиндасами орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдэгдэлдээ Засгийн газраас "олон нийтийн хэрэгцээг хангахад тулгарч буй бэрхшээлийг хөнгөвчлөхийн тулд валютын урсгалыг ашиглахыг" уриалав. Мөн тус улсын гадаад валютын дийлэнх нь аялал жуулчлалаас бүрддэг тул "Бид тус улсад хүнсний хомсдлын талаар дэлхий нийтэд мэдээлэх боломжгүй, энэ нь зөвхөн сөрөг үр дагавартай байх болно" гэж анхааруулсан аж.
Засгийн газрын сайд нар болон Төв банк 12-р сард хийсэн шигээ богино хугацааны шийдлүүд, голчлон валютын своп хэлцлийг эрэлхийлсээр байгаа гэвч шинжээчид ийм своп хэлцлийг ам.долларт хялбархан хөрвүүлэх боломжгүй бөгөөд өр барагдуулах үед бараг утгагүй арга хэмжээ гэж үзэж байна.
Төв банк үүнийг мэдэж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт алтны нөөцийнхөө хагасыг татан буулгаж, өчигдөр олон улсын бондын төлбөрийг барагдуулахын тулд 500 сая ам.долларыг төвлөрүүлсэн төдийгүй тусгай зөвшөөрөлтэй арилжааны банкуудад нийт валютын орлогын 25 хувийг долоо хоног бүр Төв банкинд худалдахыг үүрэг болгосон.
Сөрөг хүчний парламентын гишүүн, доктор Харша де Силва энэ үүрэг нь арилжааны банкуудын импортлогчдын хэрэгцээг хангах чадварыг улам бүр бууруулна гэж мэдэгдсэн байна.
Арилжааны банкууд өөрсдөө гадаад валютын орох урсгалыг урьдчилан таамаглах боломжгүй байгаа тул импортлогчдод аккредитив нээх боломжгүй юм.
Аж ахуйн нэгжүүд шахалтад орж байна
Тус улсад хоол хийх хоёр хийн түлш нийлүүлэгчийн нэг болох Laugfs Gas энэ оны нэгдүгээр сарын эхээр долларын хомсдолоос болж шаардлагатай хэмжээний LP хийг импортлох боломжгүй гэдгээ анхааруулсан.
Засгийн газр хэлмэгдүүлэлтээс айж нэрээ нууцалсан томоохон хүнсний үйлдвэрлэгчийн гүйцэтгэх захирал хэлэхдээ, тус компанийн үйлдвэрлэл шаардлагатай бүх түүхий эдээ импортлох боломжгүй болсон тул үйлдвэрлэл нь хоёр дахин буурсан байна. "Бид өөр нөхцлөөр тохирох гадаадын ханган нийлүүлэгчид рүү шилжсэн ч энэ нь бидний зардлыг 35 хувиар нэмэгдүүлсэн" гэдгийг тэр тайлбарласан юм. "Бордооны хомсдол нь ургац хураалтад нөлөөлсөн тул дотоодын ханган нийлүүлэгчид бидний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна."
Импортоо санхүүжүүлэх албан ёсны банкны системээс гадуурх боломж, эдийн засгийн их эрх чөлөөгүй байдаг тул жижиг бизнес эрхлэгчид хямралд өртөж эхэлжээ. Амжад Назир нь Коломбо хотод дээд зэргийн чанартай самар, үр, эрүүл хүнс зардаг дэлгүүртэй хамтран ажилладаг. Тэрээр тахлын үеэр гэр бүлийнхээ хамт бизнесээ эхлүүлсэн боловч бүх яг ийм байдалтайгаар удаан үргэлжилнэ гэж тооцвол цаашид удаан тэсэхгүй дампуурах эрсдэлтэй гэж өөрийн бизнесээ тодорхойлжээ.
“Бид гадаад дахь нийлүүлэгчиддээ аккредитив нээх, мөнгө шилжүүлэх боломжгүй учраас бүтээгдэхүүний шууд импортыг зогсоосон. Бид одоо нөхцөл байдлыг биднээс илүү зохицуулж чадах томоохон импортлогчдод найдаж байгаа ч эдгээр асуудлаас болж Хятадаас тодорхой тоног төхөөрөмж, түүхий эд авахад хүндрэлтэй хэвээр байна” гэж тэр Аль Жазирад ярьжээ.
"Мета, Google зэрэг онлайн болон сошиал медиа сурталчилгааны компаниудад зээлийн картын төлбөр 100 доллараас хэтэрсэн тохиолдолд татгалздаг" гэж Назир хэлэв. Тэрээр одоо тус бүр нь 100 доллараар хязгаарлагдах олон төлбөр хийх нэмэлт ажилтай болжээ.
Гадаадын орлогын эх үүсвэр болох экспорт ч мөн адил хүндэрч байгаа нь гадаад валютын хомсдол, түүхий эд, машин, тоног төхөөрөмжийн импортын хатуу хязгаарлалттай зэрэгцэн үйлдвэрлэлийг саатуулж, үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна.
Жижиг, том экспортлогчид хэрэглэгчдийнхээ захиалгыг хангахын тулд шаардлагатай түүхий эдээ олж авахад хүндрэл, саатал тулгарч байна. Олонх нь өөр ханган нийлүүлэгч эсвэл материал хайж олох шаардлагатай болсон нь үйлдвэрлэлийн өртөгийг нь өсгөж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлсөн. Тээвэрлэлт, ачааны хураамж гэх мэт бусад зардлууд ч нэмэгдэж, бизнес эрхлэх зардалд нэмэгдэн, эргээд худалдан авагчид, иргэдийн санхүүд хүнд дарамт болж эхэлж байна.
“Хатуу гар” тактик
Шри Ланкийн Төв банк улс орныхоо өрийг барагдуулахад шаардлагатай гадаад валютыг хуримтлуулахын зэрэгцээ ам.долларын ханшийг зохиомлоор доогуур түвшинд байлгахын тулд олон төрлийн тактик хэрэглэж байна.Эдгээр тактикуудын зарим нь банкуудыг гадаадаас хүлээн авсан мөнгө болон экспортлогчдын орлогыг рупи болгон хөрвүүлэхийг албадаж буй явдал юм.
Гэсэн хэдий ч эдгээр стратеги нь хомсдолыг улам хүндрүүлж байна. Ажилчдын мөнгөн гуйвуулга гэх мэт гадаад валютын урсгал нь албан ёсны ханшаас 25 хувиар өндөр үнээр зарагддаг албан бус суваг руу шилжсэн. Албан ёсны сувгаар мөнгөн гуйвуулга хийгдсэн хэмжээ 2021 оны арван нэгдүгээр сард 271 сая доллар болж буурсан нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт гэж эдийн засагч, цагаачлалын мэргэжилтэн доктор Билеша Веераратне твиттер хуудсандаа бичжээ.
Төв банк гадаадаас орж ирж буй орлогыг хөрвүүлэх тухай зааварчилгаа өгсөн нь ч “чөлөөт ажилчид”-ын бухимдлыг төрүүлэв. Олон улсын үйлчлүүлэгчдэд загвар зохион бүтээх үйлчилгээг зайнаас хүргэдэг загвар зохион бүтээгч, зураач Ю Сенарат "Тэд намайг орлогынхоо 90 хувийг нь рупи рүү хөрвүүлэх хүртэл бизнесийн гүйлгээг минь хүлээн авахгүй гээд бүх орлогыг минь царцаасан" гэжээ. “Төв банкны буюу албан ёсны ханш бодит байдлыг тусгаагүй, үнэ нь тэнгэрт тулсан байдаг. Ийм ханшаар би валютаа рупи руу хөрвүүлбэл алдагдал хүлээж байгаа учраас энэ нь шударга бус хэрэг. Долларын орлогыг Төв банкаар солиулснаас өөр арга олсон нь бидэнд илүү дээр тусна” гэдгээ Ю Сенарат онцолсон байна.
Засгийн газар, Төв банкнаас авч хэрэгжүүлж буй “хатуу гар” тактик нь одоо үүсээд буй байдлыг засах бус эсрэгээрээ байдлыг улам хүндрүүлж бизнес эрхлэгчдээ дампууруулж, иргэдийнхээ амьжиргаагаа залгуулах боломжийг боомилох аюултай гэдгийг шинжээчид анхааруулж байгаа ч тэд хэний ч үгийг сонсох хүсэлгүй байгаа бололтой.