Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь ОХУ-ын “Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн Худалдаа хариуцсан захирал Дмитрий Круглов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Русская кожа” хувьцаат нийгэмлэг нь зургаан үйлдвэр болон аж ахуйгаас бүрдэх групп компани бөгөөд дэлхийн зах зээлд гүн боловсруулсан арьс шир, эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэгч, салбартаа тэргүүлэх компаниудын нэг юм.
Тус компани нь ОХУ-ын Рязань, Заринк хотуудад болон Испани Улсад арьс ширний үйлдвэртэй бөгөөд БНХАУ, Португал Улсад салбар компаниудтай.
“Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн төлөөлөгчид “Монгол Улсын Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай 2019 онд байгуулсан Арьс ширэн түүхий эд бэлтгэн, нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн.
Уулзалтын үеэр төлөөлөгчид Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, тэр дундаа арьс ширэн түүхий эд боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зэх зээлд нийлүүлэх ихээхэн нөөц боломж байгааг манай улсад ажиллах хугацаандаа олж харснаа онцлон тэмдэглээд, ОХУ-д өөрсдийн хуримтлуулсан туршлага, үйлдвэрлэлийн технологиос хуваалцах, “Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн үйлдвэрүүд дээр боловсон хүчин бэлтгэх, дадлагажуулах чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтой болохыг илэрхийлсэн юм.
"Манай улсад жилд дунджаар 15-17 сая ширхэг бог, бодын арьс бэлтгэгдэж байна"
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь “Монгол Улсад 2021 оны арванхоёрдугаар сард урьдчилсан байдлаар 67.3 сая толгой мал тоологдсон бөгөөд жил бүр дунджаар 15-17 сая ширхэг бог, бодын арьс бэлтгэгдэж байна.
Дотоодын арьс ширний үйлдвэрүүд тодорхой хэмжээг нь боловсруулж байгаа хэдий ч хүчин чадлын хэмжээ хангалтгүй байгаа тул Монгол Улсын Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж, Ховд, Дархан-Уул аймагт үйлдвэр, технологийн паркуудыг байгуулахаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна” гэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид 2021 оны аравдугаар сард “Русская кожа” хувьцаат нийгэмлэгийн Заринск хот дахь “Русская кожа Алтай” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалж үйлдвэрийн удирдлагуудтай уулзалт хийн Монгол Улсад урьсан юм.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам