Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас чөлөөлснийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ. Мөн зарим томилгоо хийгдсэнийг мэдээлэв. Тодрбуулбал,
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг
- Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг
- БОАЖ-ын дэд сайдаар Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг
- БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг
- ШӨХТГ-ын даргаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулгыг
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржийг
- ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригийг тус тус томилжээ.
Үргэлжлүүлэн яам, агентлагийн дарга нарыг сэлгэн ажиллуулах томилгооны талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв. Тэрбээр "Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хамгийн чухал асуудлуудын нэг нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх юм. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд тавьж байгаа зорилтуудтай нийцүүлж албан тушаалтнуудыг ур чадвараар нь сольж, сэлгэж ажиллуулах шийдвэр гаргасан" гэдгийг хэллээ.