Халдварын тархалт нэмэгдэх тооцоолол байгаа ч хөл хорио тогтоохгүй гэдгийг Улсын онцгой комиссоос мэдээлж буй. Үүнтэй холбоотойгоор аймгуудын Онцгой комисс хуралдаж цар тахлын тархалтыг хумих зорилгоор тодорхой шийдвэрүүдийг гаргаж байна. Тэгвэл өчигдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд тархалтын улбар шар түвшинд шилжүүлэн ажиллахаар болжээ.
Энэ оны нэгдүгээр сарын 22-ны 08:00 цагаас эхэлж аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан бүх төрлийн баар, цэнгээний газрууд, сургалтын төв, үзүүлбэр үйлчилгээ, халуун ус, сауны үйлчилгээ, шашны байгууллага, хүнсний зах, дэлгүүрээс бусад барааны зах, цэцэрлэгийн үйл ажиллагаа, цахим тоглоом, спорт заал, бие бялдууржих төв, амралтын газрууд, хурим найр, болон бусад баярыг гэрийн нөхцөлд явуулах болон соёл урлагын үйл ажиллагаануудыг хоригложээ. Мөн хурал цуглаан, ресторан, зоогийн газрууд гэх газруудын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй ажиллуулах шийдвэр гаргасан байна.