УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралджээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ. Тэрбээр ковидын Омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7,548 өвчтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байгааг дурдав. Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0.7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.
ХӨСҮТ-ийн зүгээс Омикроны халдварын тархалтыг хумихын тулд ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх, ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах, үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцуулав. Ковидын вакцины III тунд зорилтот хүн амын 49.4 хувь буюу 968,478 хүн хамрагдсан бол нэмэлт IV тунд 36,400 гаруй хүн тус тус хамрагджээ. Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа хариу аргаа хэмжээний талаар танилцуулж, Омикроноор өвдсөн иргэдэд хүрч ажиллах зорилгоор тандалтын баг, автомашины тоог нэмэгдүүлж байгааг мэдээллээ.