МҮЭХ, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Тэтгэвэр нэмээгүй хоёр жил боллоо. Мөн 2022 оны төсөвт тэтгэвэр нэмэх агуулга огт тусгагдаагүй байна. Хүнсний бүтээгдэхүүн, ойр зуурын ахуйн хэрэглээний зүйлсийн үнэ огцом өсөж байгаа энэ үед ахмадуудын амьдрал туйлдаа хүрлээ.
2021-2023 онд багтан тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг үе шаттай зохион байгуулахыг шаардаж байна.
Тухайн жилийн дундаж цалинтай уялдуулан тэтгэврийг тогтоож баймаар байгаа юм. Тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг болгоод асуудал шийдэгдэхгүй. Тухайн хүний ажилласан хугацаа, төлсөн шимтгэл, ямар нөхцөлд ажилласан гээд олон асуудлыг харгалзан тэтгэврийг тогтоох шаардлагатай байна. Ялангуяа олон жил ажилласан хүмүүсийн тэтгэврийг шинэчлэн тогтоох хэрэгтэй" хэмээв.
358 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 60 орчим хувийнх нь тэтгэвэр доод хэмжээ буюу 350,000 төгрөг байгаа аж.
МҮЭХ-ны зүгээс ахмадуудын нийгмийн асуудал хүнд байгаа, ахмадууд тэтгэвэртээ гараад л шууд ядуусын эгнээнд шилжиж байна гэх байр суурийг илэрхийлээд яаралтай тэтгэвэр нэмэхийг шаардлаа.
Ингэхдээ нийт ахмадуудын тэтгэврийг 10 орчим хувиар нэмэх, тэтгэврийн зөрүүг арилгахын тулд 2022 оны төсөвт тодотгол хийх шаардлагыг Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгааг мэдээллээ.