Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй ахмадууддаа өөрсдийн гараар 11 мянга гаруй бууз хийж, хүргэж өгсөн байна. Хороо бүрээс таван хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдийг сонгожээ. Маш их баярлаж, сайхан хүлээж авсанд баяртай байгаа гэдгийг хэлсэн юм. Бид энэ санаачилгын талаар БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга Б.Мөнххишигтэй ярилцлаа.
БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлөө танилцуулахгүй юу?
-БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэж дүүрэгтэй гэрээлэн гүйцэтгэдэг газар. Дүүрэг болгон дээр ийм хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл гэж ажилладаг. БЗД 28-р хороотой. Тэгэхээр 28 хороонд тус бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан хүмүүс ажилладаг.
Дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай иргэдэд цагаан сарын бууз хийж өгөх санаачилгыг хэн гаргасан бэ?
-Хоорондоо ярьж байгаад энэ санаачилгыг гаргасан. Материалаа өөрсдөөсөө гаргаж боломж бололцоондоо тааруулж хийсэн. Хоёр өдрийн турш өдөр, шөнөгүй сууж хийсэн. Ингээд 11 мянган бууз хийж, дүүргийнхээ зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй ахмадад өгсөн. Манай хороонд томилогдсон, хариуцаж ажилладаг хүмүүс ч гэсэн өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй. Голчлон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахыг зорьдог. Тэгэхээр 28 хороондоо томилогдсон хүмүүстэйгээ хамтарч хийгээд, бид өөрсдөө гадуур явж буузаа тараасан.
Танай баг хэзээ ажлаа хүлээж авсан бэ? Энэ хугацаанд ажиглахад хөгжлийн бэрхшээлтэй тулгамдаж буй ямар ямар асуудлууд байна вэ?
-Манай баг 2021 оны наймдугаар сараас эхлэн бүрдэж, ажлаа хүлээж авсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэмжийн мөнгө маш бага байна. Ажлын байр олдоц муу, амьдрах орчин нөхцөл бүрдээгүй, хүртээмжгүй гэх мэт олон асуудлууд бий. Манай дүүрэгт 9000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Бид өөрсдийнхөө ажлын хүрээнд нөлөөллийн аян зэрэг олон зүйлс хийхийг зорин ажиллаж байгаа. Нийгэмшүүлэх үүднээс спорт өдөрлөг, шинэ жилээр хөгжлийн бэрхшээлтэй 361 хүүхдэд бэлэг, зорилтот 220 орчим хүүхдэд баярын бэлэг өгсөн. Аль болох чиглэлээр оролцоотой байлгах гэж ажиллаж байна даа.
Буузаа хүргэж өгөхөд тань өндөр настай иргэд баяртай хүлээж авсан уу?
-Бид хороо бүрээс таван айл сонгож бууз өгсөн. Хамгийн их хэрэгцээ шаардлагатай, хажууд нь тусалж дэмжих хүнгүй, ганц бие, хөгжлийн бэрхшээлтэй зорилтот бүлгийн хүмүүстээ хүрч ажиллахыг хичээлээ. Хүн болгон маш их баяртай, сэтгэгдэл өндөр, сайхан хүлээж авсан.
Цаашид ямар ямар үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олон нийтийн дунд оролцоотой байлгаж байж сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгэмшлийн гээд бүх зүйл нь өөрчлөгдөнө шүү дээ. Иймээс хөдөлмөр, хүртээмжийг илүү сайжруулах хэрэгтэй гэж бодогддог. Тэгэхээр үүнд чиглэсэн үйл ажиллагаа, хөтөлбөр боловсруулах, гаргах, хэрэгжүүлэх хэрэгтэй. Хорооныхоо анхан шатны нэгжийг хүртээмжтэй болгох ажил эхлээд, зарим газарт дуусах шатандаа явж байна. Цаашид хүмүүстэй хүрч ажиллах тал дээр олон төсөл, хөтөлбөр дээр ажиллана гэж бодож байна. Хамгийн энгийн жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр байгаад ч хүртээмж сайжрахгүй бол бэрх шүү дээ. Тухайн хүн ажлын байрны шаардлага хангасан ч ажилдаа очих зам, ажлын байрны ажиллах орчин бүрдээгүй бол энэ асуудалтай. Иймээс хүртээмж хамгийн чухал.
БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт өдөрлөг
БЗД хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл 11 мянга гаруй бууз ахмадуудад зориулан хийсэн