Талибаны ахлах удирдагч Забихулла Мужахид энэ оны гуравдугаар сарын 21 гэхэд охидод зориулсан анги нээхээр төлөвлөж байна.
Забихулла Мужахид Ассошиэтед Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа охидын сургуулиудыг гуравдугаар сарын сүүл гэхэд дахин нээнэ гэсэн таатай мэдээг дуулгажээ. Талибууд охидын боловсролыг албан ёсоор хориглоогүй ч тус бүлэглэлийн дайчид охидын дунд сургуулийг хааж, улсын зарим хэсэгт эмэгтэйчүүдийг улсын их, дээд сургуульд элсүүлэхийг хориглосон юм. Афганистаны ихэнх хэсэгт охидыг 7-р ангиасаа хойш сургуульд сурахыг хориглосны эсрэг эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон олон улсын хамтын нийгэмлэгүүд хэдэн сарын турш тэмцэж, эмэгтэйчүүд охидын сурах эрхийг сэргээхийг шаардаж ирсэн.
Забихулла Мужахидын тайлбарласнаар эхний ээлжинд охидын дунд сургуулийг эхэлж нээн, цаашдаа их дээд сургуулиудыг эмэгтэйчүүдэд нээлттэй болгоход анхаарах гэнэ. Ирэх жил буюу 2023 онд гэхэд эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшихтэй хамаатай асуудлыг бүрэн шийдвэрлэх аж, Талибууд засгийн эрхийг булаан авснаас хойш Афганистан 20 жилийн өмнөхтэйгээ ижил эмэгтэйчүүдийг сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, олон нийтийн ажилд оролцохыг хориглодог байсан үе рүүгээ буцсан гэж олон улсын хамтын нийгэмлэгүүд үзэж буй.
Уг байр суурийн талаар Забихулла Мужахид "Бид боловсролын эсрэг биш" гээд “Олон мужуудад охидын сургууль нээлттэй хэвээр байгаа. Эдийн засгийн хямрал, хэт ачаалалтай мужуудад сургуулиуд үүдээ хаасан. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид шаргуу ажиллах шаардлагатай болсон. Үүний тулд бид шинэ журам тогтоох хэрэгтэй” хэмээжээ. Афганистаны д 34 мужийн арав орчим нь төрийн өмчийн сургуулиудад 7-оос дээш насны охидыг хичээлдээ суухыг зөвшөөрчээ.