Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баасанцогтын гомдолтой, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох маргааныг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор өнөөдөр хянан хэлэлцлээ.
Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод зургаан шүүгч, өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудлаар ДМНН, ННБЗХ-ноос гаргасан нэхэмжлэлийн дагуу Шүүхийн ёс зүйн хороо хуралдсан. Нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгч болон шүүгч нарын бичлэг цацагдсан юм.
Б.Баасанцогт нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлэх хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх маргааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “… олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан үйлдэл гаргасан нь Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 43 дугаар зүйлийн 43.1.2-т заасныг тус тус зөрчсөн” гэсэн үндэслэлээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, Б.Баасанцогтын гомдлыг хангахгүй орхисон байна.
Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эх сурвалж: Улсын дээд шүүх