Казахстан улсын ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын эцэг нь казахдаа нэртэй зохиолч, ахмад дайчин бол ээж нь багш. Сэхээтэн гэр бүлд төрсөн Касым тусгай сургуульд суралцан, ЗХУ-ын Гадаад хэргийн яамны харьяа дээд сургуульд үргэлжлүүлэн сурч Гадаад хэргийн яам Сингапур улс дахь ЗХУ-ын Элчин сайдын яам, улсынхаа гадаад хэргийн дэд сайд, Шадар сайд, Ерөнхий сайд гэхчилэн тасралтгүй өсөн дэвжиж явсаар 2019 оны 6 сард болсон ээлжит бус сонгуулиар 70.96 хувийн санал авч ялалт байгуулан Ерөнхийлөгч болсон юм.
Түүнийг экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дотны хүн гэдгээр нь, мөн Назарбаев түүнд эрх мэдлээ шилжүүлэн өгснөөр нь хүмүүс сайн мэдэхээс бус хувь хүнийх нь талаар тодорхой мэдээлэл үгүй. Казахстаны улс төрийн бүх эрх мэдэл, бүх хөрөнгийг эзэмшдэг Назарбаевыг хөшигний араас Токаевыг удирддаг гэх яриа түүнийг ерөнхийлөгч болсон цагаас хойш өнөөг хүртэл яригдаж байлаа. Гэхдээ шингэрүүлсэн хийн түлшний үнийг чөлөөлсөнтэй холбоотойгоор олон мянган иргэд нэгдэн эсэргүүцлийн жагсаал хийсэн нь даамжирч эрх баригчид руу чиглэж, улмаар гаднаас цэрэг оруулах хэмжээнд хүртлээ хурцадсан.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний байгууллага/АБХАГБ/-аас цэргийн тусламж аваад зогсохгүй Хүчнийхэндээ анхааруулгагүй буудах тушаал өгсөн.
Ерөнхийлөгч Токаев улсдаа “гадны” цэрэг оруулах шийдвэр гаргасны дараа Н.Назарбаевын томилсон эрх мэдэлтнүүдийг ээлж дараалан сольж өдрөөс өдөрт байр сууриа бэхжүүлж эхэлсэн. Түүний энэ үйлдлийг Токаев ОХУ-ын тусламжтай Н.Назарбаевыг зайлуулж байна гэсэн хардлага бий болов.
Ерөнхийлөгч Токаев Алматы хот, Мангистауд онц байдал зарлан, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Яг үүнтэй зэрэгцүүлэн Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын комиссын даргаас нь огцруулж, энэ албан тушаалыг өөртөө авсан. Үймээн самууныг далимдуулж өнгөрсөн 30 жилд “бүхнийг өөртөө авсан” Назарбаеваас авч болох эрх мэдлүүдийг нь буцаан авч буй Токаевын үйлдэл ямар үр дүнд хүргэхийг хэн ч мэдэхгүй.
Токаев эсэргүүцлийн жагсаал хурцадсан нь зөвхөн хийн түлшний үнэтэй холбоотой бус, харин ч гадны террорист өдөөн хатгагчдын нөлөө их, Казахстан улсын тусгаар тогтнолд заналхийлж төрийн эргэлт хийх оролдлого гэж нэрлээд буй. Гэхдээ ажиглагчид үүний цаана Казахстаны дотоодын эрх мэдлийн төлөө тэмцэл явагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа нь илүү бодитой.
Анхааралтай ажиглавал Ерөнхийлөгч Токаевын үг үйлдэл бүхэнд эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлэх гэсэн санаа нь цухалзсаар байгааг мэдэж болно. Энэ сарын 11-нд Ерөнхийлөгч Токаев парламентад хэлсэн үгэндээ ерөнхийлөгч асан Назарбаевыг шүүмжилж “Анхны ерөнхийлөгчийн засаглалын үед манайд маш баян компаниуд, хөрөнгөтнүүд бий болсон. Тэдний хөрөнгийг хураан авч,ард түмэнд системтэйгээр шилжүүлэх цаг нь болжээ. Тэдний хөрөнгө Казахстаны Ард Түмний Санд ямар хувь нэмэр оруулж болохыг Засгийн газар судлах ёстой” гэж хэлсэн юм.
Үүнийгээ батлах мэт Назарбаевын бага охин Алия Назарбаеватай холбоотой гэгддэг хог хаягдал дахин боловсруулах “Оператор РОП” компанийн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан. Мөн Засгийн газрын шинэ танхимын бүрэлдэхүүнийг томилохдоо дотоод болон гадаад хэргийн, батлан хамгаалахын сайд нараас бусдыг нь шинээр томилов.
Назарбаевчуудтай холбоотой хөрөнгийг хураах нь тэднийг хэн биш болгох бол ийм шийдвэр Токаевын нэр хүндийг иргэдийнх нь дунд өндөрт өргөнө. Нөгөө талд Токаевт эрх мэдэл төвлөрнө. Учир нь түүний гэр бүл, ойр дотныхон ч Назарбаевынхных шиг их биш гэлээ насаараа хангалуун амьдрах хэмжээний хөрөнгөтэй.
Хүү Тимур Касымжомартович Токаев нь газрын тосны салбарын томоохон бизнес эрхлэгч Аби Петролиум Капиталын захирал төдийгүй өвөө Кемел Токаевын нэрэмжит буяны санг тэргүүлдэг. Зөвхөн ил болсон нь энэ компани хэдий ч нууцалсан, өөр нэр дээр эзэмшдэг газрын тосны олон компани, оффшор хөрөнгөтэй байж магадгүй гэж шинжээчид харддаг.
Эгч Карлыга Кемелевна Избастина Токаева нь "Аби Петролиум Капитал" ХХК-ийн захирал.
Токаев овогтнуудын эзэмшлийн компани зөвхөн дээрх хоёр хэдий ч Назарбаевын хамгийн дотнын хүн байсныхаа хувиар түүнээс сайн, муу олон зүйлийг нь суралцсан учир хөрөнгөө ил зарлахгүй байхаа, овгийнхоо нэр дээрх компаниудыг хэрхэн далдалж, оффшор бүсэд хөрөнгөө яаж нуухаа Токаев хангалттай сайн суралцсан бизээ. Тиймдээ ч Токаевын амьдрал, улс төрийн замнал Назарбаевтай холбоотойгоор сэвтэхгүй л бол цэвэр хэвээр байх болно.