Хорвоог хоёр хөлөөрөө биш, тэргэнцрээр туулах хатуу тавиланг эдэлж, элээж буй иргэн Б.Даваасүрэнг бид “Гашуун яриа” нэвтрүүлэгтээ урьж, ярилцаж байсан билээ. Тэрээр хүнд хагалгаануудыг сэтгэлийн хатаар даван гарч, амьд яваадаа баярладаг талаар болон өвдөж зовохын цаг хүнд хөрөнгө мөнгө биш, сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг талаар ярьж байв. Мөн тэрбээр "Миний эхний зорилго удахгүй болох УАШТ-д түрүүлэх. Тэгээд дараа нь паралимпийн эрх авах бүр цаашлаад “Парис-2024”-ийн дэвжээнд Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх” хэмээж байв.
Тэгвэл Б.Даваасүрэн улсын аварга болж, эхний зорилгоо биелүүлжээ. Өчигдөр болсон тэргэнцэртэй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд Б.Даваасүрэн түрүүлж, Дэлхийн цомд өрсөлдөх эрх авлаа.
Б.Даваасүрэн аваргын төлөөх тоглолтод Б.Жигмэддоржийг ялсан бол хүрэл медалийг Б.Гантулга, А.Дөлгөөн нар хүртлээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон алт, Ч.Тунгалагтуяа мөнгө, Б.Гантуяа, С.Оюундарь нар хүрэл медаль авлаа.
Б.Даваасүрэнтэй ярилцсан "Гашуун яриа" нэвтрүүлгийг ЭНД дарж үзээрэй.